Нээлтээ хийгээд нэг сар гаруйн нүүр үзэж байгаа ч, үзэгчдийг хамгийн ихээр байлдан дагуулсан кино бол Фантастик продакшны бүтээл “Зура-2 буюу Цурам ажиллагаа” уран сайхны кино. Тэгвэл тус кино монголын кино театрын нэгэн амжилтыг эвджээ.
Тодруулбал, бүх цаг үеийн хамгийн олон тасалбар борлуулсан киногоор шалгарсан байна. Ингэснээр “Зура 2 : Цурам ажиллагаа кино Монголын кино театрын зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо.
Одоогийн байдлаар нийт 250,000 гаруй тасалбар борлуулж Монголын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлтийн амжилт тогтоогоод байгааг Монголын кино театруудын холбооноос мэдээллээ.
Сонирхуулахад, тус амжилтыг Фантастик продакшныхан өөрсдийн бүтээл “Байтаг богд” кино өмнө нь эзэмшиж байсан юм. Тэгвэл Фантастикийнхан “Зура-2:Цурам ажиллагаа”-аараа өөрсдийн амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоожээ. Иймд тус киноны уран бүтээлчдийн зүгээс нийт үзэгчиддээ талархлаа илэрхийлсээр байна.
Энэ тухайгаа тэд “Сайн кино хийх хамгийн гол хүчин зүйл бол үзэгчид та бүхний санал, шүүмжлэл билээ. Өдрөөс өдөрт бүтээлээс бүтээлд сайжирч Монгол киног гадаад орчинд гаргахын төлөө ажиллах болно” гэжээ.