Намсрайн Цогнэмэх Хүдэр нутгаас тодорч байгаа анхны “Аварга малчин” болсон нь онцлог байв. Н.Цогнэмэх 1991 оноос хойш мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө зориулан явна. Увс аймгийн Тэс сумын уугуул энэ эрхэм 2003 оноос хойш Хүдэр сумын иргэн болж энэ нутаг устай холбогджээ. 2006 оноос хойш 5 өрхийг малжуулан 50-200 толгой бог малтай болгон амьжиргааг нь дээшлүүлсэн байна. Тэрээр мал сүргээ өвчин эмгэгээс сэргийлэх, тоо толгой бус чанарт анхаарч ажиллахыг эрхэм зорилгоо болгон голчлон үхэр сүргийг өсгөн үржүүлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа төр төсвийн байгууллага тэр дундаа сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт жил бүр 15-20 бог малын гулууз мах, сүү цагаан идээгээр дэмжлэг үзүүлдэг ажээ. Мөн орон нутгаас зохион байгуулсан олон талт арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, сумын баяр наадамд 500,000-1,000,000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Н.Цогнэмэх сүүлийн 3 жилд малын зүй бус хорогдлыг гаргалгүй ажилласан байна. Тэрээр, малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг үнэн үг. Бидний цаг наргүй хөдөлмөрийг үнэлж байгаа төр засагтаа баярлалаа гэсэн юм.