АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУСГАЙ САН
Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын сан юу санал болгож байна вэ?
Аялал жуулчлалын салбар нь жилээс жилд өргөжин тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож байна. Энэ нь орон нутгийн иргэд нутгийн онцлогт зан заншил, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах замаар тус салбарт хувь нэмрээ оруулж, түүнээсээ ашиг хүртэх боломжийг олгож байна. Аялал жуулчлал нь Сэлэнгэ аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжид 10.000.000 төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох зорилго бүхий “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулсан. Тусгай сангийн үйл ажиллагааг зохион байгуулах баг томилогдон төслийн саналуудыг хүлээн авч, сонгон шалгаруулах зөвлөлд танилцуулж шалгаруулна.
Сэлэнгэ аймагт бүртгэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүс нь бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төсөл боловсруулан ирүүлж, энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн задаргааг нарийн тодорхой тусгах бөгөөд төсөл ирүүлэгч нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны 20-50%-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сангийн нөөцөөс хамааран төсөл ирүүлсэн төсөл санаачлагч бүрд санхүүжилт олгохгүй болохыг анхаарна уу.
Бид юуг хайж байна вэ?
Бид орон нутгийн тур оператор, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн/үйлчилгээ үзүүлж буй нөхөрлөл/иргэд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэгч, жуулчны бааз, аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагуудыг төсөл ирүүлэхийг урьж байна.
Шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийг зорьж оролцогчдыг илүүтэй дэмжинэ.
Бүх санаа чухал!
Хэрхэн ажиллах вэ?
Алхам 1- Өөрийн саналаа ирүүлэх
Бизнес төлөвлөгөө болон бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирүүлэх (бэлэн загварыг www.selenge.gov.mn хаягаар орж харах, 95054349 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно).
“Аялал жуулчлалын сан” гэж гарчиглан материалаа [email protected] (орон нутгийн зохицуулагч) цахим хаягаар ирүүлэх, эсвэл аймгийн ЗДТГ-ын “Сан хариуцсан зохион байгуулалтын баг”-т хүлээлгэн өгнө. Материал хүлээн авсныг мэдэгдэж, танд зохион байгуулалтын багаас цахим шуудангаар бүртгэлийн код илгээнэ.
Алхам 2- Шалгаруулалтын үйл явцад төслийн саналуудыг бэлтгэх
Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах хугацаа дуусгавар болсноос 7 хоногийн дараа сонгон шалгаруулах комиссод төслийн санааг төсөл ирүүлэгчийн хувийн мэдээллийг нууцалж танилцуулна. (Сэлэнгэ 2019 оны 2-р сарын 22).
Алхам 3- Сонгон шалгаруулах комиссын шалгаруулалтын үйл явц
Сонгон шалгаруулах комисс 5 гишүүнээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.selenge.gov.mn веб сайтаас авах боломжтой. Комисс хүлээн авсан төсөл бүрийг хэлэлцэж, эхний шатанд шалгарсан төслүүдийн жагсаалт гаргана.
Алхам 4 – Сонгох үе шат
Шалгаруулах комисс төсөл хэлэлцэх үеэр нэмэлт мэдээлэл шаардлагатай бол сангийн зохицуулах багийн гишүүн тантай холбоо барина. Эхний шатанд шалгарсан төслүүд бүгд санхүүгийн дэмжлэг авна гэж ойлгож болохгүй гэдгийг анхаарна уу!
Алхам 5- Сангаас дэмжлэг авахаар шалгарсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх вэ?
Эхний шатанд шалгарсан төслийн хэрэгжүүлэх үйл явц, үе шатны талаар төсөл ирүүлэгчтэй уулзалт зохион байгуулж, дүгнэн санхүүжилт олгох төслүүдийг шалгаруулна.
Шалгарсан төслүүдийн мэдээллийг www.selenge.gov.mn сайтын “Мэдээ→Цаг үе, үйл явдлын мэдээ” цэсэд байршуулна.
Алхам 6 – Бараа үйлчилгээ худалдан авах
Төслийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгохгүй ба шаардлагатай бараа үйлчилгээг худалдан авч өгнө.
Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?
Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:
· Санал болгож буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах (бизнесийн төлөвлөгөөг хавсаргах). Төслийн саналын жишиг загварыг www.selenge.gov.mn –аас татан авч бөглөх.
· Тухайн орон нутагт оршин сууж, үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нотлох баримтын хуулбар.
· Аялал жуулчлалын үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийг нотлох баримтын хуулбар.
· Дэлгэрэнгүй мэдээллийг 95054349 утсаар, [email protected] цахим хаягаар эсхүл www.selenge.gov.mn вэб сайтаас авч болно.