
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ нутгийн тогтвортой хөгжил, ард иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж дэмжлэг туслалцаа үзүүлэн идэвхтэй хамтран ажиллаж байгаа элчин сайд МАСАТО ТАКАОКА-д талархлаа илэрхийллээ.
Одоогоос 1 жилийн өмнө ноён элчин сайд манай аймагт ажиллаж Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн харьяа ПСМК дахь цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлах гэрээнд гарын үсэг зурж байсан нь бодит ажил болж өнөөдөр тус цэцэрлэг таатай тохилог орчинд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймагт 1997-2017 онуудад эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 23 төслийг хэрэгжүүлж 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсныг аймгийн Засаг дарга тэмдэглэн хэллээ. Өвсний үндэс хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 528 төсөл хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.