Монгол Улсын Засгийн газраас 2025 он хүртэлх баримтлах бодлогодоо Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх”-ээр зарласан.
Энэ ч утгаараа аймгийн малчдын зөвлөгөөн газар тариалангийн бүс нутагт тохирсон эрчимжсэн болон хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, МАА-н салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээн дор боллоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр дээрх асуудлын хүрээнд малчид санал бодлоо солилцож, нэгдсэн шийдвэрт хүрч чадлаа.
Манай аймгийн малчид нэг малаас авах ашиг шимээ хэрхэн нэмэгдүүлэх, малын тоо толгойгоо хэрхэн яаж бууруулах, тариаланчид малчид яаж хамтран ажиллах тал дээр нэгдмэл шийдэлд хүрлээ. Тариаланчид эрхлэх талбайнхаа тодорхой хувьд малын тэжээл тарьж, аль аль талдаа ашигтай хамтран ажиллах боломж байгааг онцолж байв.
Mалчдын зөвөлгөөнд 17 сум, 6 тосгоны 56 багийн 300 гаруй малчид, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж төлөөлөл, сумдын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр мал аж ахуйгаа эрчимжүүлэн, чанаржуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, сум орон нутгийн малчиддаа, үлгэр дууриалал үзүүлэн бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж яваа зарим малчдыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан, ХХААХҮЯ-ны жуух бичиг, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.