Энэхүү өргөн цар хүрээг хамарсан зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон тооны гишүүдэд “тусгай зөвшөөрөл”, “үнэ тариф”, “хяналт шалгалт”-ын зохицуулалтын чиглэлээр мэдлэг олгохын зэрэгцээ чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө. Сургалт зөвлөгөөнд нийслэл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган аймгийн 95 төлөөлөл хамрагдлаа.
Манай аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эл Си Би”ХХК Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус сумын МСҮТ-д шинээр 1,45 мегаваттын хүчин чадалтай оросын зуух оруулж ирж суурилуулан, дэвшилтэт технелогиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаатай зөвлөгөөнд оролцогчид газар дээр нь очиж танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Сайнцогтой уулзаж ярилцлаа.
Ж.Сайнцог: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ МААНЬ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД УЛСДАА ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ АЖЛААРАА ТЭРГҮҮЛЖ ЯВАА
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн Сэлэнгэ аймагт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж байна. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар сонирхуулаач?
-Баярлалаа. Сэлэнгэ аймгийн эрчим хүний зохицуулах зөвлөл маань сүүлийн гурван жилд улсдаа эрчим хүчний зохицуулах ажлаараа тэргүүлж яваа. Ийм ч утгаар өнөөдөр Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг бусад аймгийнханд харуулах, туршлага судлах зорилгоор энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
-Нэлээд ач холбогдолтой зөвлөгөөн болж байгаа юм байна. Сэлэнгэ аймгаас ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна. Зөвлөлдөх уулзалтаар ямар асуудлыг голлон ярилцав?
-Сэлэнгэ аймгийн 17 суманд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын төвүүдийн удирдлагууд оролцлоо. Сэлэнгэ аймгийн хувьд хэдэн сэдвийг онцлон тавьж ярилаа. Тухайлбал өнөөдөр цахилгаан, тээвэр, шатахуун, нүүрсний үнэ нэмэгдсэн. Гэтэл дулааны үнэ тариф нэмэгдэхгүй байгаад байгаа. Иймээс энэ асуудлыг Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо, аймгуудын эрчим хүчний зөвлөлүүд, мөн дулааны үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд хоорондоо санал солилцож, бас хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн сумдад дулааны үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгаас чухал байгаа. Үүнд нэлээд ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнийг хангаж, хөдөлмөр аюулгүй байдлыг сахин сайн ажилласнаар үйлдвэр үйлчилгээний ажлыг хэвийн явуулах ёстой.
-Энэ удаагийн зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн туршлагыг судлах ажлыг давхар хийж байгаагаараа онцлог болж байна гэж ойлголоо. Энэ маань таны яриад байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн байгууллагад нь өгөх зэрэгтэй холбоотой юу. Танай зөвлөлийн ажлын талаар сонирхъё?
-Сэлэнгэ аймгийн Ерөө, Хушаат, Орхон сумаас бусад нь ерөнхийдөө төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжсэн. Өмнө нь сумдад халаалт хариуцсан мэргэжлийн компани байхгүйгээс төр төсвийн байгууллагууд тухайлбал сургууль, цэцэрлэг дээрээ дулааны үйл ажиллагааг явуулдаг байсан. Энэ маань эрчим хүчний тухай хуулиараа бол буруу. Иймээс бид энэ ажлыг мэргэжлийн байгууллагад нь өгье гэж шийдээд энэхүү ажлыг сумдад амжилттай хийж байна. Энэ утгаар халаалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад нь өгч ажиллуулах ёстой гэсэн байр сууриар манай эрчим хүчний зохицуулах зөвлөл 17 сумаа бүгдийг нь мэргэжлийн байгууллагат хамруулж байгаа. Хамгийн сүүлд Орхон суманд аймгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг тавьж байна. Ингээд Орхон сум маань төвлөрсөн халаалтын системд орчих юм бол манай аймгийн бүх сум төвлөрсөн халаалтын системдээ ороод мэргэжлийн байгууллага цаашид хариуцаад явах боломж нь нээгдэж байгаа юм.