Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарлаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн төвдөө “Нутагтаа сайхан амьдаръя” өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
17 сумын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүн, шилмэл үйлдрийн малын үзэсгэлэн худалдаа аймгийн төв Партизаны талбайд гарч үйлчлүүлэгч олныг баясгав. Аймгийн удирдлагын бага олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн газруудтай хамтран ажиллаж өрхийн үйлдвэрлэгчиддээ дэмжлэг үзүүлэх ажлыг бодлогын түвшинд амжилттай зохион байгуулж байгаа.
Энэ өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан аж ахуйн нэгж иргэдэд батламж, Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран 20 иргэнд өрхийн ногооны үр, Адра олон улсын байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд 11 сумын 31 хоршоонд багаж тоног төхөөрөмж, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд тарьц суулгацыг тус бүр гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.
“Нутагтаа сайхан амьдаръя” өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хөрш зэргэлдээ Буриад улсын Хиагтын районы удирдлагууд, талх нарийн боов жигнэмэг үйлдвэрдэгчдийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн “Цэвэр орчин эрүүл амьдрал аян”-ы хүрээнд шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүд шагналаа хүлээн авлаа.
Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийж хэвшцгээе.
Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлж хамтарч хөгжицгөөе.