ГУЧИН ЖИЛИЙН ДАРАА ХЭНТИЙН АЙМГААС ГУРАВ ДАХЬ УЛСЫН АВАРГА ТӨРЛӨӨ
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 улс, аймгийн цолтой бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, улсын арслан Э.Оюунболд анх удаа түрүүлж, аварга цолны болзол хангалаа.
Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, төрийн наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна. Ийнхүү Энхтөгсийн Оюунболд түрүүлснээр Хэнтий аймгийн гурав дахь аварга 30 жилийн дараа төрж байна. Тэрбээр дархан аварга Б.Бат-Эрдэнийн төрсөн нутгийн бөх юм. Түүнд аварга цол олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр өдгөө 26 нас хүрч байгаа юм.