Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг 2 дахь сумандаа ажиллалаа. Удирдамжийн дагуу 8 шалгуур үзүүлэлтээр Орхонтуул сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, гаргасан тогтоол шийдвэр, байгууллагын орчин нөхцөл, архив бичиг хэргийн үзлэгт бэлтгэж байгаа бэлтгэл байдалтай танилцлаа.
Мөн ард иргэдээс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаа, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлсэн судалгааг, санал, шүүмжийн хамт авч нэгтэн төрийн албан хаагчид, иргэдийн уулзалт дээр танилцуулав.
Тус сумын иргэд хуучин шинэ төвүүдийн хоорондох замыг сайжруулах, инженерийн шугамыг засварлах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналыг түлхүү гаргасан байсан бол аймаг сумаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт нийцтэй байгааг судалгаагаар илэрхийллээ.
Орхонтуул сумын ИТХ, Засаг даргаас олон нийтрүү, иргэдрүүгээ, төрийн албан хаагчидруугаа хандсан, тэдний хамтын ажиллагааг бататгасан бодлогын бичиг баримтуудыг гаргаж түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь онцлог бас давуу тал болохыг ажлын хэсгийн ахлагч Ө.Сувдаа уулзалтын үеэр тодотголоо.
Ажлын хэсгээс төрийн албан хаагчдад цаашид анхаарах асуудлыг нэг бүрчлэн танилцуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн үүрэг чиглэлийг өглөө.
Тус сумын ЗДТГ нь ISO олон улсын стандартыг төрийн албаны ажил үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж бэлтгэлээ ханган ажиллаж байгаа хамт олон ажээ. Тиймээс ч ЗДТГ-ын тохижилт соёлжилт, төрийн албан хаагчдын хувцаслалт, бичиг баримтын жигдрэлт, тамгын газар доторх дүрэм журам гээд нүдэнд шууд тусахаар ажил үйлчилгээ энэ хамт олны дотор багагүй байлаа.
Ажлын хэсэг маргааш Орхонтуул сумын Рашаант тосгонд ажиллана.