Тээврийн жолооч аавын тэрбумтан хөвгүүд
Монголчууд бид угаасаа нүүдэлчин удамтай. Тэр ч утгаараа урлаг спорт, улс төрийн томчуудын дийлэнх нь малчны гэр бүлээс гаралтай. Түүнээс гадна жолоочийн хүүхдүүд нэлээд их бий. Ажаад байхад жолооч гаралтай олны танил эрхмүүд тэмцэгч, дайчин чанартай байдаг. Тэднийг энэ удаа онцлоё.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн аав ээж хоёулаа тээврийн жолооч гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өмнөх нийгмийн үед жолооч мэргэжил эрэлттэй бөгөөд цалин сайтай ажлын нэг байсан. Ээж аавынхаа тухай У.Хүрэлсүх “Миний ээж чиргүүлтэй ЗИЛ-130 машинаараа тээвэрт явж, хүнд хүчир ажил хийдэг байсан ч 5-н хүүхэддээ түүртэлгүй өсгөсөн” хэмээн дурссан. Тэгээхээр Ерөнхий сайдын бага насыг төсөөлөхөд ойлгомжтой “кабины бор хүү” өдгөө Засаг толгойлж сууна.
“Саятан жолооч” Самбуугийн үр сад
Хөрөнгөөрөө гайхуулахаас илүү Хөдөлмөрийн баатар, тээврийн жолооч “саятан” Самбуугийн үр сад гэдгээрээ бахархах ёстой хүмүүс бол яахын аргаггүй “Алтан дорнод Монгол”-ын ах дүүс. Өөрөөр хэлбэл, “Хамар” Т.Ганболд, Т.Ариунболд нар өвөөгийнхөө өвөр өөд мацаж өссөн жаалууд. Нагац ах С.Дэмбэрэл нь аавынхаа гэрэл зураг, тэмдэглэлүүдээр дурсамжийн том гаргах гэж байгаа гэсэн.
Тээврийн жолооч аавын “барилгачин” хүү
“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй ах дүүсийн бага нас их өрнүүн бас хөгжилтэй өнгөрсөн гэдэг. Аав А.Хадбаасан нь жилийн 365 хоногийн 270-д нь тээвэрт яваад эзгүй байдаг байжээ. Аавыгаа ирэх бүрт хүнд даацын тэрэгнийх нь 10 дугуйг нөхөж, ачаа буулгана.
“Онц тээвэрчин” зааны онцгой хүүхдүүд
Намрын ид тариа хураалт, өвлийн их цаснаар ч замд гарч хот, хөдөөг холбон 28 жил жолоо мушгисан Д.Долгорсүрэн заанд хэдэн жилийн өмнө МУ-ын гавъяат тээвэрчин цол олгож, цолны найрыг Аса аварга, Сумъяабазар заан нар “Баянгол” ресторанд нижгэр тэмдэглэсэн. Найрны үеэр хүүхдүүд нь аавдаа гэнэтийн бэлэг барьж, хуучны ЗИЛ-130 автомашин авчирч аавынхаа дурсамжийг сэргээсэн гэдэг.
Элчингийн жолоочын хүү “Ард”-ын Ч.Ганхуяг
“Хас” нэрээ “Ард” болгон сольсон Ч.Ганхуяг ч бас эгэл жолоочийн хүү.
Монгол улс социалзмын замд орж байх үед аав Чулуун нь Унгар дахь Монголын элчин сайдын жолоочоор ажиллаж байжээ. Ер нь техникт гарамгай, баргийн төмөр хүлгийг босгоод ирдэг гэдгээрээ тухайн үедээ их эрэлттэй жолооч байсан гэдэг.