УИХ-ын сонгуулийн 24 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Цэндийн Энхбаттай ярилцлаа.
– Та анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Сонгуулийн ажил хэр явж байна вэ?
– Монгол улс бүлэг луйварчид, дээрэмчдийн атганд оржээ. Монголын улс төр, эдийн засаг, бизнес, банк санхүү, шүүх гээд бүхий л салбар дээрх бүлэглэлд, тэдний эрх ашигт үйлчилдэг болсон. Нийгэмд шударга ёс алдагдсан. Монголын төр гэж байхаа больсон байна. Гэмт бүлэглэлийн атганд Монголын төр оржээ. Энэхүү нам дамнасан бүлэглэлийн “төрийг” цэнхэр хэвлийтэй, улаан нуруутай аварга могойтой зүйрлэж болно. Аварга том могой ангаа эхлээд ороож муужруулдаг. Дараа нь залгидаг. Монгол улсыг тэрхүү бүлэглэл яг тэр аварга могойтой ижил залгих гэж байна. Үнэндээ Монгол улс амь тавьж буй гөрөөстэй адил харагдаж байна. Монголыг залгих гэж буй аварга могойгоос Монголоо салгах гэж гар бие оролцож, нэр дэвшлээ.
-Улс төрийн олон намаас яагаад Шинэ эвсэл”-ийг сонгов?
-Би аль нэг намын харьяалалгүй. МАН, АН улс орныг 30 жил ээлжлэн багалзуурдаж, муужрууллаа. Хээл хахууль цэцэглэж, шударга бус байдал газар авсан. Ард иргэд туйлдаа хүртэл ядуурсан. Улс орон өрөнд идэгдсэн. Төр ялзарсан. Энэ бүхнээс салгах цорын ганц улстөрийн хүчин бол ШИНЭ ЭВСЭЛ юм. Тиймээс ШИНЭ ЭВСЭЛ миний сонголт. Бүгд найрамдах Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Үнэн ба Зөв Нам нэгдэж ШИНЭ ЭВСЭЛ-ийг байгуулсан. Шинэ эвслийг 100 гаруй мэргэжлийн холбоод түшсэн. 200 гаруй эрдэмтэн мэргэд мөрийн хөтөлбөрийг нь боловсруулсан. Ард иргэдийн дэмжлэгийг хүлээж буйг нь мэдрэхэд , ШИНЭ ЭВСЭЛ бол нийгмийн хүлээлт, захиалга гэж бодогдож байна. Өөр намаас нэр дэвших санал ирсэн. Гэхдээ би ШИНЭ ЭВСЭЛ-ийг сонгосон. Сонголтондоо эргэлзэхгүй байгаа.
-“Шинэ эвсэл”-ийн гол зорилго юу юм бэ?
-Улс төр, нийгэм, эдийн засаг, банк санхүү, хууль, шүүх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарт хувьсгал хийнэ. Өнөөдрийн завхрал, ялзралыг таслан зогсооно. Цөөн гэр бүл, бүлэглэлд үйлчилдэг тогтолцоог таслана. Бүлэглэлийн эрх ашиг, сонирхолд нийцүүлж баталсан хуулийг ч эргэн харна. Гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно. Монголын төрийг ялзралаас салгана. Эрүүл нийгмийг цогцлооно.
-Мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал?
-“Шинэ эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт шинэ эргэлтийн 21 бодлого дэвшүүлсэн. Хамгийн түрүүнд шударга ёсны хувьсгал хийнэ. Монголын баялгийг хуулийн дагуу цөлмөдөг , тонуул, дээрмийн үйл ажиллагааг таслан зогсооно. Зөвхөн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж баталсан, гэмт үйлдлийг нь хаацайлсан хуулийг нь өөрчилнө. Гэмт хэрэгтнийг хуулиар хамгаалдаг биш, тэдэнд хууль ижил тэгш үйлчилдэг хууль эрх зүйн орчныг болгоно. Шулан мөлждөг банкны системийг хална. Банкны салбарт цогц реформ хийнэ. Зээлийн хүүгийн системийг нэг орон тоотой тоонд оруулна. ААН-үүд зээлийн өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, бизнесээ өргөжүүлж, орон тоогоо нэмэгдүүлж өсөн тэлэх боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр алгуурхан өсөн нэмэгдэж, иргэд тогтмол орлоготой болсноор, ядуурал буурах юм. Амьдралаас ургаж гарсан, хамгийн гол нь шууд хэрэгжих мөрийн хөтөлбөр.
-ШИНЭ ЭВСЭЛ-ээс өрх бүрт нэг тэрбум төгрөг олгоно гэж буй. Үүнийг өрсөлдөгч попрол гэж үзэж байгаа хэсэг ч байна.
Би бэлэн мөнгө тараахыг дэмждэггүй. 2008 оны УИХ-ын сонгуулиар АН нэг сая ( 1000000) төгрөг, түүнийг давах гэж С.Баяр ( МАН-ын дарга , ерөнхий сайд) нэг сая таван зууг сонгогчдод амлаж тараасан. Энэ мөнгийг нь Эрдэнэс таван толгой ХК найман жилийн турш төлж, дөнгөж 2017 онд барагдуулсан. Энэ попрол нь Монгол улсын хөгжил, эдийн засагт хор хүргэсэн. ШИНЭ намын дарга нарын дэвшүүлсэн , ШИНЭ ЭВСЭЛ-ийн өрх бүрт нэг тэрбум гэдэг бол эрдэмтдийн гаргасан тооцоо судалгаа. Энэ бол попрол биш. ШИНЭ намын дарга Лу.Болд, Ж.Батзандан нарын боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан Эрдэнэс Таван толгойг бүх ард түмний мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл нь ШИНЭ ЭВСЭЛ-ийн мөрийн хөтөлбөр, баялгийн сан бий болгох, баялгаас ард иргэд хүртдэг болох заалттай нийцэж буй. Энэ үзэл санааг би 200, бүр 300 хувь дэмжиж буй. ШИНЭ ЭВСЭЛ УИХ-д олонхи болж байж, энэ хуулийн төслөө баталж, дээрх үзэл санаагаа бодит утгаар хэрэгжүүлэх юм. Эрдэнэс таван толгойг ялсан намын дарга, түүнийг хүрээлсэн фракц бүлэглэл мэдэлдээ авдаг явдлыг энэ хуулийн төслийг баталснаар таслан зогсооно. Монголчууд өмчийнхөө жинхэнэ эзэн нь болно. Тиймээс энэ үзэл санааг дэмжиж буй. Попрол гэж нэрлэж буй улс төрчид бий. Эрдэнэс таван толгойг л алдахаасаа айсан бүлэглэлийн үг. -Таны үнэлж буй улстөрч? – Бүлэглэлийг дарах гэж зүтгэж буй МАН -ын дарга, өнөөгийн ерөнхий сайд Хүрэлсүхийг Монголын улс төрд удаан хугацаагаар зүтгээсэй гэж хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулгыг ч гэсэн үнэлдэг. Аль аль нь Монголоо гэх зүрх сэтгэлтэй улс төрчид. Ийм зүрх сэтгэлтэй улс төрчид УИХ-д олонхи болж байж сая өөрчлөлтийг богино хугацаанд хийнэ. Гадаад хэлний мэдлэг бол төрийн түшээгийн гол шалгуур биш. Гадаадад сургууль соёл төгссөн гэдэг ч нэгдүгээр үзүүлэлт биш. Хамгийн гол нь сэтгэл, мэдлэг туршлага, чадвар юм гэдгийг энэ хоёр улс төрч нотолж байна.
-Сонгогчидтой уулзаад явж байхад ямар санал бодол хэлж байна?
-Шударга ёсоор ангаж цангажээ. Хамгийн гол зүйл энэ. Улс орны баялгийг цөлмөн дээрэмдсэн эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Төрийн байгууллагын шат шатны дарамтыг устгаж өгөхийг хүсэж байна. Залуучуудад ажлын байр бий болгож, тэднийг тогтмол орлоготой болгох. Ердөө л ийм цөөхөн хэдэн зүйлийг л хүсэж байна. Үүнийг ШИНЭ ЭВСЭЛ хийнэ. – Хүмүүс МАНАН гэдгийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна? -МАНАН гэдэг нэр томьёо Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон 2009 он, С.Баяр ерөнхий сайдаар улиран томилогдсон 2008 оноос эхлэлтэй. С.Баяр бол Оюутолгойн гэрээг л батлуулах зорилготой, захиалгатай ерөнхий сайд байсан гэж би хувьдаа сэжиглэдэг. Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-д түүний хэлсэн “Таван төгөлдөршил” илтгэлийг дахин нэг уншаарай. Үүнээс ханхлах үнэрийг мэдрээрэй. Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа шахаж байж, наадмын өмнө Оюутолгойн гэрээг УИХ-аар дэмжүүлсэн. Монголын баялгийг минут тутамд тасралтгүй гадагш нь зөөж цөлмөх, монголчуудад ашиггүй гэрээ ингэж л эхэлсэн. Тив дэлхий дамнасан эдийн засгийн алуурчидтай нэгдэж, тэдний гар хөл болсон хүмүүстэй Монголын төр хариуцлага тооцох ёстой. МАНАН бол МАН, АН-ын мянга мянган шударга гишүүд биш. Зөвхөн энэ хоёр намыг дамнан, улс төр бизнесээрээ сүлбэлдсэн гэмт хэргийн бүлэглэл юм. Монголыг төртэй, засагтай, хуультай, шүүхтэй нь худалдан авч, эрхшээлдээ оруулсан гэмт хэрэгтнүүд. Монголын эрх ашгийг уландаа гишгэж, монголчуудыг доромжилж байна. Энэ бүлэглэлийн савраас л Монголоо салгана. Ард түмнийхээ нэрийн өмнөөс тэдгээр дээрэмчидтэй хатуу тооцоо хийнэ.
– Энэ жилийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?
– Тоглоомын дүрэм хатуу. Эрх баригч намд гарааны давуу байдлыг бий болгосон. Тэд сонгогчдодоо тайлан нэрээр сурталчилгааны материалаа нөгөө л “өөрсдөд нь давуу байдал үүсгэдэг хуулийн” дагуу айл өрх бүрээр тараачихсан. Биднийг айл амьтан хаалга тогшихыг ч журмаар хориглосон. Маш жижигхэн боломж олгосон. Тэр нь улс төрийн намууд нэгдэж орох бололцоог нээсэн. Энэ бол энэ жилийн сонгуулийн хуулийн гуравдагч хүчинд оногдож буй дэвшилттэй тал. Энэ жижиг боломжийг том болгох нь монголчуудын гарт байна.
-Тодруулбал?
– Ард иргэд тун ууртай, хилэнтэй байна. Ажлын байр байхгүй. Тогтмол орлогогүй. Ядуурал газар авсан. Хоногийн хоолоо л залгуулж буй , дийлэнх нь. Хоолгүй хонож буй айлын тоо өссөн. Ядуурал улам тэлсэн. Төр засаг ард иргэдээ “гөлөгнөөс ” дор үзсэн. Монголчуудын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч байна. Өдөр хоногоор нэмэгдэх үнийн өсөлт, төрийн байгууллагын хүнд суртал бас нэгэн дарамт. Энэ дарамт, хар дарсан зүүд шиг амьдралаас салахыг монголчууд хүсэж байна. Тиймээс гучин жил Монголыг цөлмөсөн, монголчуудыг басамжлан доромжилсон МАН, АН-аас хамгийн түрүүнд салж байж, Монголын төр цэвэршиж, монголчууд уужуухан амьсгаа авах болно. Монголын эзэн нь МАН, АН биш монголчууд, жирийн иргэд гэдгээ нотлох цаг иржээ.
– Энэ удаагийн УИХ-ын сонгуульд сэтгүүлчид олноороо дэвшиж байна. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан хүний хувьд та хэрхэн харж байна?
-Би “Утга зохиол, урлаг” сониноос ажлын гараагаа сурвалжлагчаар эхэлсэн. Монголын ардчилалд үнэ цэнтэй Монголын хэвлэлийн Хүрээлэнг үүсгэн байгуулсан. Монголын Үндэсний Телевизийг 2000-2004 онд удирдсан. Шилжилтийн тун хүнд үеийг амжилттай даван туулсан. Тв9 телевизийг хүчирхэг телевиз болгож хөгжүүлсэн. Шинэ тутам ЕТВ-г том телевизүүдийн эгнээнд авчирсан. Одоо өөрийн Control.mn сайтыг үүсгэн байгуулж, Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг. Ердийн л сэтгүүлч, хэвлэлийн менежер хүн. Сэтгүүлчийн онцлог нь амьдрал дунд явдаг хүмүүс. Үзэгчдийн алга ташилт дор тайзнаа дуулдаг дуучин, жүжигчин биш. Сэтгүүлчид бол нийгмийн зүтгэлтнүүд. Аливаа зүйлийг дүгнэн шинжилдэг,гарц гаргалгааг нь олж харж чаддаг олон талын өргөн мэдлэгтэй хүмүүс. Амьдралыг өөрчлөх, сайн сайхныг бий болгохын төлөө л ажилладаг онцлогтой. Тиймээс нийгэм болохгүй болжээ гэдэг дохио нь гар бие оролцооч ээ, гэсэн нийгмийн даалгавар гэж харна. Миний хувьд энэ нийгмийг тэвчих аргагүй болсон учир, энэ нийгмийг өөрчлөхийн тулд бичиж, ярих нь хангалтгүй, гар бие оролцох ёстой гэж сэтгэл шулуудсан.
-Иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Анх удаа нэр дэвшиж буй энэ сонгуульд ” Эрэг нь усаа хашна, Эзэн нь улсаа мэднэ” уриатай оролцож буй. Монгол Улсын эзэн нь хэн юм бэ? Монголын төр, засгийг сүүлийн 30 жил ээлжлэн барьсан МАН, АН биш. Монголчууд, жирийн иргэн Та бид. Өнөөдөр ард иргэд айдас, хүйдэс, дарамт дор амьдарч байна. Энэ бол амьдрал биш. Үүнийг дарангуйлал, орчин цагийн боолын нийгэм гэж нэрлэдэг юм. Түүнээс салцгаая . Би ” Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж хэлэх дуртай. Ардын зүйр үгээ санаж, ШИНЭ ЭВСЭЛ, түүний нэр дэвшигчдийг, мөн бусад шинэ улс төрийн хүчнийг олноор нь дэмжиж өгөхийг монголчуудаасаа чин сэтгэлээсээ ГУЙЖ байна. Намаа биш, амиа биш, үр ач нараа, улсаа бодож Шинэ улс төрийн хүчинд саналаа өгөхийг МАН, АН -ын мянга мянган гишүүдээс ч ГУЙЖ байна. Бидэнд итгэ, надад итгэ. Бид та бүхний дэмжлэгтэйгээр Монголоо эрүүлжүүлнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин 2020 оны 06 сарын 17 өдөр.
Сэтгүүлч: Б.НОМИН