Цагаан уул цэцгийн домог
Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цаг үест нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж охиныг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ.
Эцэст нь гүнж “надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ.
Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ.
Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ