Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.
Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т өнөөдөр 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргын бүсийн эзэн боллоо. Ийнхүү KING TUG мэргэжлийн замналынхаа 11 дэх ялалтыг байгууллаа.
Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа тулалдан 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн.
Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан аж.
“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug”, “Уухай” хэмээн дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байсан юм.
Сонирхуулахад, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдрийн тоглолтынхоо өмнө спортын Venum брэндтэй нэг жилийн гэрээ байгуулжээ. Venum брэндийнхэн түүний тоглолтод зориулж подволк бэлджээ.