Зурхайд “гэгээтэй” болон «бараан» өдрүүд гэж байдаг бөгөөд эдгээрээс хүний заяа төөрөг шалтгаалах явдал ч бас бий. Зурхайн орд болгоны эхэн үе нь гэрэл гэгээтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, Нар тухайн ордод сар бүрийн 21-22-ны өдрүүдэд шилждэг бөгөөд энэ өдрөөс «гэрэлтэй үе» эхэлдэг. Гэрэлтэй үед хүмүүсийн амьдрал ахуй, ажил үйлс харьцангуй бүтэмжтэй сайн байдаг. Энэ өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш буюу Нар тухайн ордын дунд үед очтол та бидний сэтгэл санаа тогтвортой, сайхан зантай байж, аливаа хүнд бэрх асуудлыг ч хялбар шийдэж чадна. Биеийн ерөнхий байдал сайжирч, амьдрах чадвар нэмэгдэнэ.
«Гэгээтэй» үе сар болгоны хорьдоос дараа сарын таван, зургааны өдөр хүртэл үргэлжилдэг. Энэ өдрүүдэд амжиж чухал ажил албаа гүйцэлдүүлбэл илүү үр дүнтэй, бүтэлтэй байх болно. Мөн бие махбодоо цэвэршүүлэх, мацаг, хоолны дэглэм барих зэрэг нь үр дүнтэй байдаг.
Нар «бараан» үед шилжихэд (энэ нь ойролцоогоор сар бүрийн зургаан, долооны эхэн үеэс эхлэн 21-22-ны өдрүүдийг хүртэл үргэжилдэг). Энэ үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болж, хямрах нь ихэсдэг. Өвчин хууч хөдлөх, эсвэл хүндрэх, аливаа ажил хэцүү хүнд санагдах, бие махбодын болоод сэтгэл санааны хямрал, цөхрөлд автах нь бий. Энэ үед бусдаас дэмжлэг авна, бусдад өөрийгөө ойлгуулна л гэж найдаад хэрэггүй. Учир нь энэ үед хүн болгон өөрийгөө бодож, хувиа хичээх хандлага ихэсдэг. Гэвч энэ бараан үед ч аз жаргалтай, амгалан байх боломж бий. Үүний тулд гэгээн үеийг маш идэвхитэй өнгөрөөж, өөртөө илүү их ачаалал, хариуцлага хүлээж ажиллах ёстой. Ингэж чадваас «бараан» үе ч таныг сандрааж чадахгүй ба та нэг мэдэхэд л түүнийг даван туулсан байх болно.
Гэгээтэй үед төрсөн хүмүүс: Сайхан сэтгэлтэй, илэн далангүй, хүүхдэрхүү зантай бөгөөд энэ зангаа насан туршдаа хадгалдаг, амьдрал нь илүү хөнгөн, бэрхшээл багатай байдаг. Ийм хүмүүс их хөдөлгөөнтэй, заримдаа хүүхэд шиг дүрсгүйтдэг. Тэд насанд хүртлээ аливааг өөдрөгөөр хардаг. Энэ үед төрсөн «хүмүүс сэтгэл зүйн хувьд хөнгөн, зовох зүйлгүй, амьдрал нь хялбар байна.
Бараан үед төрсөн хүмүүс: Сар болгоны долооноос хойш буюу бараан өдрүүдэд төрсөн хүмүүс заавал гутранги үзэлтэй, бүтэлгүй байх албагүй. Гэвч эерэг сайн талаа хөгжүүлэхэд нь тодорхой хэмжээгээр саад бэрхшээл учирна.
Тэд бага балчраасаа л амьдралын хүнд, бэрхтэй тулгарч магадгүй. Тиймээс өөрийн дотоод хүчийг төвлөрүүлэн хөгжиж, биеэ эрт даадаг. Тэд төрөлхийн «нас бие гүйцсэн» хүн гэж хэлэхэд болно. Энэ үед төрсөн хүн амьдралын бодит байдал, мөн чанарыг эрт ойлгож мэдэрдэг. Хий мөрөөдөлд автдаггүй, Аливаад бодитоор ханддаг, энэ бол тэдний давуу тал юм. Тэд «гэгээтэй» үед төрсөн хүмүүсийг бодвол тооцоотой, хянуур зантай, зөвхөн өөртөө л найддаг. Та бүхэн төрсөн өдрөөрөө өөрийн тань шинж чанартай тохирч буйг шинжээрэй.