Та өөртэйгөө ярих дуртай юу? Хэрвээ тийм бол энэ нь хүнд байх ёстой давтагдашгүй сайн чанарын нэг ажээ. Заримдаа хөндлөнгийн хүмүүс таныг “галзуу” хүн ч гэж хүлээж авах үе байна. Гэхдээ өөртэйгээ ярьдаг хүмүүс илүү ухаалаг, суут байдгийг шинжлэх ухаанаар баталжээ.
Аливаа зүйлийг өөртэйгөө ярилцаж, амандаа бувтнан хийх нь гол зүйлдээ анхаарлаа хандуулж төвлөрөх, сайхан санаа сэдэх, илүү урам зоригтой ажиллахад тустай байна.
Сэтгэл судлаач Гэри Лупян 20 сайн дурын ажилтныг оролцуулсан туршилт хийжээ. Ингэхдээ дэлгүүрт байгаа бүтээгдэхүүнээс харуулж, тогтоож авахыг үүрэг болгожээ. Оролцогчид өөрсдийн аргаар цээжилж авахыг оролджээ. Харин туршилтын үр дүнд цээжлэх гэж хэлж буй бүтээгдэхүүнийхээ нэрийг амандаа бувтнан давтаж байсан хүмүүс бусдаасаа харьцангуй давуу байдлаар даалгаврыг гүйцэтгэсэн аж.
Ингээд өөртэйгөө ярихын гурван сайн ач холбогдлыг хүргэе.
САНАХ ОЙГ ДЭМЖИНЭ
Та өөрөө өөртэйгөө ярьж, харилцаж байх үед таны мэдрэхүйн үйл ажиллагаа идэвхжиж байдаг. Ингэснээр таны санах ойд эерэгээр нөлөөлж аливааг төсөөлөн бодох чадварыг сайжруулна.
ТӨВЛӨРӨХӨД ТУСТАЙ
Та аливааг хийж байх үедээ анхаарлаа зуун хувь хандуулахын тулд өөртөө чиглүүлэг өгч ярихад гэмгүй. Учир нь ингэснээр тархи тушаал авч таны өгсөн даалгаврыг илүү бодитоор тусгаж авах болно.
БОДОЛ САНААГАА ЦЭГЦЛЭХЭД НЭМЭР БОЛНО
Хүн бүрийн тархи түм, буман бодолд дараатай байдаг. Эдгээрийн зарим нь утга учиртай байдаг ч зарим нь огт хэрэггүй байх нь бий. Та өөртэйгөө ярьж, ойлголцож чадсанаар тайвширч, уураа дарж, сэтгэл хөдлөлөө удирдахад тус болох юм.
Энэ талаар сэтгэл судлаач Линда Сападин “Өөртэйгөө ярих нь бодол санаагаа удирдах, аль нь ач холбогдолтой зөв бодол болохыг тодорхойлох болон оновчтой шийдвэр гаргахад нөлөөлдөг” гэжээ.
Орчуулагч сэтгүүлч: О.Хандмаа