Гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Natural Essentials” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хуланг танихгүй хүн ховор.
Багаасаа Германд өсч, Швейцарь, АНУ-д ажиллаж, сурч, амьдарсан тэрбээр үзэсгэлэнт хөдөө нутгаар аялж, гэртээ амрах дуртай аж. Хүнлэг, тэвчээртэй занг эрхэмлэдэг тэрээр багаасаа туршилт хийх дуртай сониуч хүүхэд байжээ.
Бага насныхаа тухай тэрээр “Хэтэрхий идэвхтэй, бүх зүйлийг туршиж үздэг, нийтэч хүүхэд байсан. Ангийн дарга хийж, дугуйланд тогтмол явж, сайн дурын ажилд оролцон, дуулж, бүжиглээд, чадахгүй хэрнээ л юм бүхэнд оролцох дуртай байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам эсрэгээрээ болж, сониуч зан маань л хэвээр үлдэх шив. Би маш сониуч, юм бүхнийг мэдэхийг хүсдэг сонин зантай. Ингэж өөрчлөгдсөн нь ажил ихтэйгээс, бас Lhamour-ыг эхлүүлсэнтэй холбоотой байх. Lhamour-ын ачааар үнэ цэнийн тухай ойлголт минь өөрчлөгдлөө.
Өмнө нь баасан гарагт аль болох гадуур найзуудтайгаа л байвал сайхан санагддаг байлаа. Одоо бол урт ажлын өдрүүдийн төгсгөлд гэртээ, гэр бүлээрээ тайван амрах надад үнэ цэнэтэй болчихоод байна” гэжээ.