“Хөдөөний айл” хэмээх влогоороо алдартай амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар өдгөө эх орны баруун хязгаарт буюу Ховд аймгийн Дөргөн суманд амьдарч байгаа. Тэд блогоороо амьдралын зөв хэвшлийг түгээхийг эрмэлзэж буйгаа илэрхийлдэг.
Тэдний амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрсөн талаар эхнэр, олон улсын хоол зүйч С.Буянтогтох “Нөхөр бид хоёр хүүхдүүдээ сэрэхээс өмнө өглөө зургаан цагт босоод, кофе уунгаа хоорондоо ярилцдаг. Энэ үедээ сургалт явуулж байгаа бол сургалтынхаа тухай, бичлэг хийх гэж байгаа бол бичлэгийнхээ талаар нэг цаг орчим ярилцдаг. Тэгээд тус тусынхаа дасгалыг хийдэг дээ. Би иог, манай хүн хүчний дасгал хийдэг. Ер нь төрсний дараа болон жирэмсэн байх үед эмэгтэй хүний сэтгэл санаа тогтворгүй байдаг учир ийм тайвшруулах төрлийн дасгалууд их зүгээр байдаг юм. Тэгээд дасгалаа дуусаад хүүхдүүддээ үдээс хойш идэх таргийг нь бүрж тавина. Удалгүй хүүхдүүд маань найман цагт сэрж, хоорондоо жаахан эрхлэлдэж байгаад босдог. Хөдөө ирсэн цагаасаа хойш хүүхдүүдээ их салхилуулдаг болсон. Тэр үедээ аль болох хэрэгтэй сонирхолтой түүх ярьж өгдөг. Манайх 12 цагаас өмнө сошиал медиа ашиглахгүй гэдэг зарчимтай. Тэрнээс өмнө сургалтаа орж, өөрсдөө бас судлах зүйлсээ хийдэг. Орой нь есөн цагийн үед хүүхдүүдээ унтуулдаг. Дараа нь гэрээ цэвэрлээд, хоёулаа байх цаг гаргадаг” гэжээ.