Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Гэвч хүмүүсийн бие биедээ сургамжилдаг шиг тийм ч хэцүү, ид шидийн зүйл бас биш. Бид та бүхэндээ жирэмсэн эмэгтэйчүүд төрөх хүртлээ толгойгоо эргүүлдэг зарим буруу ойлголтуудаас сонирхуулж байна.
Халуун ногоотой төөрөгдөл
Халуун ногоотой хоол идвэл үр зулбана гэсэн буруу ойлголт эмэгтэйчүүдийн дунд их байдаг. Үнэндээ жирэмсэн эхчүүд бараг л бүх төрлийн хоол идэж болно. Цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг л бага хэмжээгээр юм уу, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал, шинэхэн юм уу, түүхий сүүний бяслаг. Учир нь уг бүтээгдэхүүнд Листериа гэдэг бактер агуулагдаж байдаг. Энэ бактер нь үр зулбуулах аюултай.
Хүү юу, охин уу?
Жирэмсэн эхнэрийнхээ гэдсийг чагнаад сууж байдаг эрчүүд цөөнгүй. Гэдсэн дэх хүүхдийн зүрхний цохилт сул байвал хүү, тод байвал охин тээж буй гэсэн буруу ойлголт л ийнхүү эрчүүдийн сонсголыг шалгадаг аж.
Аймхай эхчүүдэд…
Эрт урьдын цагт хэн нэгэн нь жирэмсэн эмэгтэй гараа толгой дээрээ өргөвөл гэдсэн дэх хүүхдээ багтраадаг гээд хэлчихэж. Өнөөг хүртэл ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд энэ үгэнд итгэж явсаар байгаа гэнэ.
Үстэй хүү
Хэрэв жирэмсэн эмэгтэйн шар хөөрдөг бол төрөх хүүхэд тань толгойгоороо дүүрэн үстэй төрдөг гэж та сонссон уу. Эмч нар үүнийг сонсоод элгээ хөштөл инээдэг гэнэ шүү.
Авьяаслаг жаал
Жирэмсэн эмэгтэйгээр утас ээрүүлэх гээд та үзээрэй. Хүүхэд хүйгээ ороочихно гээд хөдлөхгүй. Онцгой авьяастай хүүхэд л эхийнхээ хийж байгаа юмыг гэдсэн дотор нь дууриаж хийнэ дээ.
Америк толбо
Америкт хүүхэд цайвар хүрэн толботой төрөх нь цөөнгүй аж. Харин үүнийг эх нь жирэмсэн үедээ кофе их ууснаас болдог гэж бараг бүх америк хүн баталдаг гэнэ. Хэрэв энэ үнэн гэвэл хөх толботой төрдөг Монголчууд юу уучихсан юм бол.
Гэдсээр шинжихүй
Жирэмсэн эмэгтэйн гэдэс урагшаагаа том байвал хүү, хөндлөн байвал охин төрүүлнэ гэдэгт итгэдэггүй хүн ховор гэнэ. Хааш, хаашаагаа жигдхэн байвал ямар хүйстэй хүүхэд байх бол…
Тойгны ясан “мисс”
Царайлаг хүүхэд төрүүлнэ гээд тойгны яс долоогоод сууж байдаг эрчүүд цөөнгүй. Ингэхэд хүүхэд эцэг, эхийгээ л дууриадаг болохоос хаа хамаагүй амьтны яс дууриаж төрөх нь юу л бол…
Гар бариад л “ОК”
Та жирэмсэн үедээ өөртэйгээ адил жирэмсэн эмэгтэйтэй санамсаргүй гар барьж болох юм. Хүмүүс хүүхдийн чинь хүйс солигдчихсон гэх бий. Гэхдээ санаа зоволтгүй. Та тэр эмэгтэйтэйгээ дахиад гар барьчих. Алдчихсан хүйсийг эргээд олоод авна.
Хулгайч охин
Хэрэв жирэмсэн эмэгтэйн царай зүс муудаад эхэлбэл гэдсэндээ эхийнхээ гоо сайхныг хулгайлж байгаа охин тээж яваа гэдэг. Эмчийнхээ зөвлөгөөний дагуу биеэ жаахан тордоод үзээрэй.