Шинэ Ерөнхийлөгч хамгийн анхны зарилгаараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нараа томилдог.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр нарыг томилох юм байна. Мөн ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөр ажиллах бол ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ө.Золбаяр нар ажиллах аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа ҮАБЗ-ийг хуралдуулах чиглэлтэй байгаа аж. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
-18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгох, цаашид энэхүү арга хэмжээг Монгол Улсын 2022 оны төсөвт тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-Айл өрхийн болон зарим аж ахуй нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцан төлж байгаа арга хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулах шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлэх,
-Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгах гэсэн асуудлаар хуралдах юм байна.