Шулуун шударга яриа, илэн далангүй байдлаараа загварын ертөнцөд байдаг хэнэггүйхэн зантай моделиудын тоонд зүй ёсоор багтдаг хүн бол С.Төгс.
Загварын ажлаа амжилттай хийж, хөөрхөн охиноо ганцаараа ядах юмгүй өсгөж яваа энэ эмэгтэйг “Хэтэрхий залуудаа хүүхэд гаргаж, амжилтынхаа замыг хаалаа” хэмээн мэргэжил нэгтнүүд нь шүүмжлээд чангахан хариулт сонссон удаатай.
Үргэлж эерэг энерги цацруулж, гоо үзэсгэлэн, сайхан аалиараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн загвар өмсөгч С.Төгсын төгс галбирыг харчих.
Хорь гаруйхан насандаа ээж болсон нь амьдралыг өөрөөр харах мэдрэмж, ухаарал өгснийг ихэд онцолж хэлсэн загвар өмсөгч С.Төгс харин хөгшрөхөөс үхтэлээ айж явдгаа нуусангүй. Энэ тухайгаа тэрбээр “Шууд нуулгүй хэлэхэд би хөгшрөхөөс айдаг хүмүүсийн нэг л дээ. Яг юунаас нь айдгаа мэдэхгүй юмаа. Зүгээр л энэ их эрч хүч байхгүй болно гэдгээс ч юмуу… Харин сая шинэ байртайгаа танилцаад нийтийн тагтан дээр нь гарах гээд очсон чинь нэг эмээ сууж байна аа.
Нэг их уриалгахан надтай юм яриад эхэлдэг юм. одоо 80-тай гэнэ. Есөн хүүхэдтэй гэнэ. Ач гуч нь бүр тоогоо алдсан гэнэ ээ. Бүгдэнгээр нь бахархаад тэр нь тэнд ч байдаг, энэ нь энд ч байдаг, ийм ажил хийдэг, тэгж байсан гээд л нүд нь гялалзаад яриад л байна. Бас залуудаа их дүрсгүй охин байсан талаараа ярилаа. Эмээ нь жаахан таргалаад байгаа, турах гээд хоолоо сойж байгаа гэнэ шүү. 50 нас хүрэхээрээ яана аа гэж боддог байсан. 80 нас санаанд багтаад ирлээ шүү.
Гол нь залуу насаа хий хоосон өнгөрөөхгүй. Хийсэн зүйлтэй, хүн болгоод өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхэдтэй, буянтай хөгшин болж хөгширч байвал нас яахав дээ. Амьдралын л жам юм даа” гэж загвар өмсөгч бүсгүй сонирхуулж байв.