Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын А/107 дугаар захирамжаар төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, төрийн байгууллагуудын мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгараад байгаад билээ.
Нийслэлийн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо ихэнх нь цаасан суурьтай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чиг үүргийн систем түүний бодлого, стандарт, цахим архивын тухай хууль тогтоомж болон холбогдох журам дутмагаас үүдэн үйлчилгээний шат дарааллыг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсээд байна.
Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагуудад дижитал шилжилт хийх зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шат дараатай цахимжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд цахим мэдээлэл солилцооны технологийн суурь бүтцийг тавих, холбогдох журмыг боловсруулах ажлыг эрчимтэй хийж байна.
Иймд дээрх мэдээллийг цахимаар солилцох технологийн суурь бүтцийг оновчтой зөв тодорхойлон нэвтрүүлж байж төрийн үйлчилгээг шат дараатай цахимд шилжүүлэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж бүрдэх юм.
Энэ үйл ажиллагаа нь технологийн шийдэл байхаас гадна байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн удирдлага, зохион байгуулалт шаардсан цогц ажил юм гэж ажлын хэсгээс мэдээлэв.