Дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоу өнгөрсөн хавар монголчуудын нүдийг бясгаж, сэтгэлийг хөгжөөсөн. Уг шоуны гол чимэгүүдийн нэг дуучин МУСТА Д.Намсрайноров 40 эргэм насандаа “дөч шүргэсэн эр, дөрөө даах ат” гэдгийг биеэрээ харуулж, хамгийн хүчтэй, мөн олон нийтийн зүгээс дэмжлэгтэй оролцогчдын нэг байсан.
Ард түмний санал асуулгаар шийдвэл, тус шоунд Ангуучтай хамт тунаж үлдэх чансаатай оролцогчдын нэг Д.Намсрайноров, түүний хамтрагч бүжигчин Э.Түвшинзаяа хоёр байсан гэхэд хилсдэхгүй.
Дуучин залуу маань энэ шоунд орсноороо 10 кг турсан нь олны анхаарлыг ихээхэн татсан. Тус шоуны үеэр шүүгч дуучин С.Наран Д.Намсрайноровыг “Бүжиглэж байгааг харахад түшигтэй, найдвартай, хамтрагчдаа халамжтай” гэж онож тодорхойлсон. “Ододтой бүжиглэе” шоуны дараа дуучин Д.Намсрайноров, Э.Түвшинзаяа хоёрт хандсан эерэг сайхан сэтгэгдэл урсдаг байв.
Бүжигчин Э.Түвшинзаяагын хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсжээ. 2017 онд “Нийслэлийн шилдэг залуу” болсон.Тэрээр олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ.
Мөн Монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш. “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн бүжиг, иогийн сургалт явуулдаг.
Жүжигчин О.Дөлгөөнөөс гадна модель Номин зэрэг олон танил олон эрхмийн хувийн дасгалжуулагч багш хийдэг.