Цагаан шонхор” холдингийн ерөнхийлөгч Ч.Энхтайван энэ амьдралдаа туг ч барьж, тугал ч хариулж, эр хүн долоо дордовч найм сэхдэгийг биеэрээ үзүүлж яваа. Тэрбээр 19 насандаа ар халхын атманаар тодорч явсныг мэдэхгүй хүн үгүй.

Монголын дизайнеруудын холбооны голлох үүрэгтэй энэ эрхэм, Монголын түүхийг муухан түүхчээс илүү сайн мэддэг. Тиймдээ ч компанидаа “Цагаан шонхор” нэг өгч, түүх дурсгалтай холбоотой эд зүйлд гар хардаггүй нэгэн.
Бага залуудаа алдаж аавын хаалга татаж байсан ч өдгөө мэргэжлийнхээ дагуу хоббигоо хөгжүүлэн гадаад дотоодынхныг гайхшруулах цуглуулгыг бий болгожээ. Тэрээр 1992 онд Чингисийн хүрээ жуулчны баазаа байгуулсныхаа дараа Ерөнхий сайд асан П.Жасрай гуайд хандаж захидал илгээн гааль дээр хураагдсан ирвэсний арьсийг жуулчны баазынхаа гэрийг тохижуулахад зориулан өндөр үнээр авсан байдаг.
Агуулахад өмхөрөх байсан эдлэлүүд нь өдгөө олны нүдийг хужирлах үнэт үзмэр болжээ. Түүний цуглуулгад Богд хааны хэрэглэж байсан толиноос эхлээд эртний эдлэл, хуяг дуулга олон бий. “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” киног бүтээхэд ашиглаж байсан гэр тэрэг, өргөө, хувцас хэрэглэл, зэр зэвсэг
, арьсан эдлэлийг нь ч худалдан авч Чингисийн хүрээгээ чимсэн.
Бүгд л ганзагат хөл тавьж байхад Ч.Энхтайван ноёнтон ч бизнесээ Одтой эхэлж байсан гэдэг. Тухайн үед автомашин, сэлбэгийн наймааг зөвхөн Оросын компаниуд Монголд эрхэлдэг байсан болохоор яагаад заавал оросууд хийдэг юм монгол хүн чадна гэж хэлээд л зүтгэсэн тухай учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Олон мянган УАЗ-469 машин оруулж ирж амжилттай борлуулсан түүний бизнес цэцэглээд эхлэхээр хотын зарим бизнесмен, компани нийлж өөрсдийгөө “Арбатын хүүхдүүд” гэж нэрлээд Улаанбаатарт хөдөөний амьтан орж ирээд эзэлдэггүй юм. Зах зээл булаацалдаж өрсөлдөөд гэж шахаж эхэлсэн гэж хожим тэр дурсдаг. Зарим нь бүр домог шиг ч яриа бий.
Нийслэл хотын бараг бүх л “атамануудад” солонгос хөргөгч, тус бүрт нь сая төгрөг амлаад Ч.Энхтайвныг зайлуулах гэж байсан гэдэг. Хор шартай, омогтой хэнд ч дийлдэхгүй, дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой мань эрхэм бууж өгөлгүй үзэлцсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн.


