Шөнийн захын эзэн буюу “Нар Мон” ХХК-ны захирал М.Хүрэлсүхийн залуухан, халуухан дуучин гэргий Л.Солонгыг танихгүй хүн ховор.
Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрбээр уран бүтээлдээ эргэн орж, өөрийн багш АЖ А.Долгорын “Эр хүн” дууг албан ёсны эрхтэйгээр дуулжээ. Ингэхдээ тэрбээр уран бүтээлийн нэрээ Soliya хэмээн өөрчилж дуулсан нь олны анхаарлыг татав.
Хэдийгээр багшийнхаа тослог, хүчирхэг, сэтгэл татам дуу хоолойг гүйцэж гаргаагүй ч өөрийнхөө “торгон нугалаа” оруулан дуулсан нь сонсогчдын сонирхолыг татаад байгаа юм.
Дуучин бүсгүйн хувьд 1987 онд төрсөн нэгэн. Дөрөвдэх хүүхдээ төрүүлээд жил болоогүй байгаа тэрээр гоо сайхны мэс заслаар гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн билээ.
Болгарын Софи хотын дуу хөгжмийн дээд сургууль төгссөн, авъяаслаг, ирээдүйтэй дуучин бүсгүйг анх Ардын жүжигчин А.Долгор онцолж өөрийн шавиа болгосон гэдэг. Өдгөө тэд багш шавь биш эгч дүүсийн ойр дотно харилцаатай.
Дуучин бүсгүй том охиноо төрүүлэхээс өмнө “Хүслийн бороо” нэртэй цомгоо гаргасан билээ. Анхны цомгийнхоо нээлтийг нүсэр хийж байсан түүнд тухайн үеийн Соёлын яамнаас МУСТА цол тэмдгийг олгож байсан юм.
Түүний хань М.Хүрэлсүх дууны шүлэг бичдэг бөгөөд анх Л.Солонготой мөн л багш шавийн харилцаатай байж, улмаар уран бүтээлээрээ холбогдож дотно танилцсан гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.
Тэднийг анх гэр бүл болоход насны хол зөрүүтэй хосыг удахгүй сална гэлцсэн ч улам дотносож, хамтдаа бизнес эрхлэн, бизнес нь улам өргөжсөөр өдийг хүрсэн.
Тэдний гэр бүл “Нарантуул” захын хажууд байдаг Шөнийн захыг эзэмшдэг. М.Хүрэлсүх том хүүхдээ төрөхөд тоглоомын газар, удаах хүүхэд нь төрөхөд Лексус 570 бэлэглэж байв. Харин гурав дахь хүүхэд төрөхөд нь “Тоорил хааны хүрээ” гэх High зэрэглэлийн амралтын газар, жуулчны баазыг залуу эхнэртээ бэлэглэж байв.