Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол наадам” нээлтийн ажиллагаа сүр жавхлантай, утга төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар ажилласан бол нээлтийн зохиолыг Ардын уран зохиолч Үржингийн Хүрэлбаатар туурвижээ.

Тайзан дээр үзэгчдийн харсан бүхэн зохиолчийн үзэл санаанаас эхлэлтэй гэдгийг энэ удаагийн нээлт харуулж чадлаа.
Жил бүр наадмын нээлт магтаал, шүүмжлэлийн аль алиныг дагуулдаг. Харин энэ жилийн тоглолтын дараа цахим орчинд “утга агуулга нь цэгцтэй”, “үзэхэд ойлгомжтой”, “сэтгэлд хүрсэн” гэсэн сэтгэгдэл олонтаа хөвөрсөн нь үзэгчид зохиолын бүтцэд өндөр үнэлгээ өгснийг илтгэнэ.
Энэ удаагийн нээлтийн хамгийн онцлох шийдлийн нэг нь Монгол орны өнцөг булан бүрийн өнгө төрхийг нэгэн тайзан дээр амилуулсан явдал байлаа. Халх, Буриад, Дөрвөд, Баяд, Дарьганга зэрэг Монголын үндэстэн, ястнуудын өвөрмөц ахуй, зан заншил, хувцас хэрэглэл, хөгжим, дуу хуур, бүжгийн өнгө аясыг уран сайхны нэгэн урсгал болгон зангидаж чадсан нь “Бид бүгд нэн Монгол” гэсэн үзэл санааг тод томруун илэрхийлэв.
Тэр олон өнгө төрхийг салангид үзүүлбэр бус, нэгэн бүхэл өгүүлэмж болгон зангидах нь зохиолчийн ур чадвар юм. Үндэстэн, ястан бүрийн өв соёлыг хүндэтгэн харуулахын зэрэгцээ тэднийг Монгол гэх нэгэн үнэт зүйлээр холбон өгүүлсэн нь энэ жилийн нээлтийн гол амжилтын нэг байлаа.
Наадмын нээлт бол зөвхөн урлагийн тоглолт биш. Энэ бол монголчуудын түүх, төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлсийг эх орон, хойч үедээ хүүрнэн үлдээх оюуны бүтээл юм. Ийм бүтээлийн эхлэл нь зохиол байдаг. Зохиолгүйгээр найруулга үгүй, найруулгагүйгээр тайзны гайхамшиг үгүй.
Бид ихэвчлэн тайзан дээр гэрэлтэх уран бүтээлчдийг алга ташин магтдаг. Харин тэр бүхнийг утга агуулгаар нь холбож, үзэгчдийн сэтгэлд хүрэх түүх болгон бичдэг хүмүүсийг тэр бүр дурддаггүй. Энэ жилийн наадмын нээлт тайзны ард үлддэг зохиолчийн хөдөлмөр ямар үнэ цэнтэйг олон нийтэд дахин ойлгуулсан бүтээл боллоо.
Учир нь хэдхэн цаг үргэлжлэх тоглолт дуусдаг ч, үндэстний ой санамжид үлдэх өгүүлэмжийг зөвхөн жинхэнэ зохиолч л бүтээж чаддаг.
Энэхүү сүр жавхлант бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүргэхийн төлөө авьяас билэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан зохиолч, ерөнхий найруулагч, уран бүтээлчид, техник, тайзны арын ажилтнууд, сайн дурын оролцогчид гээд баяр наадмын нээлтийн ажиллагаанд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал, баяр хүргэе. Та бүхний хамтын хөдөлмөрийн үр дүнд “Мөнхөд орших Монгол наадам” монгол хүн бүрийн сэтгэлд бахархал болон мөнхөрлөө.

