Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож 18 тендер олгосон, гурилын үнийг ашиг сонирхлын үүднээс 50 хүртэлх хувиар нэмсэн талаар өчигдөр иргэн О.Цэрэнтогтох мэдээлэл хийж, АТГ-т шалгуулахаа илэрхийлсэн.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор Х.Болорчулуун сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “О.Цэрэнтогтох гэх хүнийг би танихгүй, харж байгаагүй хүн байна лээ. Тэр хүн хардах эрхтэй боловч гүтгэх эрхгүй байх. Энэ хүний цаана нүүрсний хэрэгт нэр нь орсон бохир улс төрч байгаа гэж хардаж байна. Магадгүй тамын тогооны үлгэр шиг цугтаа хариуцлага хүлээе гээд намайг чирсэн байх. АТГ болон хуулийнхан нэг хүний үгээр “нүүрсний хулгайч”-ыг зарлана гэж байхгүй. Өөр шигээ намайг бодож гүтгэж буй тэр улс төрч эрх мэдлийн төлөө аль ч нам эвсэлтэй нэгдэж чадах, төрөөс төрсөн тэрбумтан гэдгийг хэлье. Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нь нүүрс шиг хар бол, минийх тариа буудай гурил шигээ цагаан гэж би итгэлтэй хэлнэ” гэв.
Мөн тэрбээр “18 тендерийн талаарх яриа 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарч ирсэн. Тэр жагсаалтыг та бүхэн үзээрэй. Тэнд 5, 10 тэрбумаар үнэлэгдэх тендер нэг ч байхгүй. Миний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” компанитай үргэлж холбодог. Тус компаниас аймгийнхаа цэцэрлэг, сургуулиуд гурил авдаг. Тэр болгоныг оруулж тоог нь ихэсгэж хандаж байгаа юм” хэмээн хэлээд, өөрийгөө 9 дүүтэй гэдгээ онцлоод тэр болгоны ажилд оролцдоггүй гэв.
Түүнчлэн, тэрбээр нэг тойргоос хамт УИХ-д гарч ирсэн Ц.Сэргэлэн гишүүний талаар “Морийг унан байж мэднэ, хүнийг ханилан байж танина гэдэг шиг Ц.Сэргэлэн гишүүн бид хоёр нэг намаас гарч ирсэн ч, үзэл бодол, байр суурийн хувьд шал өөр хүмүүс юм билээ” гэлээ.