АН-ын ҮБХ өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, намын даргаа сонгоно. Өчигдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэсэн бөгөөд Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Баярцогт, С.Одонтуяа нар бүртгүүлээд буй.
Намын даргыг сонгох сонгуулийн журмыг танилцуулж байна.

Нэр дэвшигчид ҮБХ-ны хуралдаанд оролцогчдын өмнө 20 минут илтгэл тавина. Илтгэл тавих дарааллыг сугалаагаар шийднэ. Саанал хураалтыг битүүмжилсэн хайрцаг, өндөр нууцлал бүхий код бүхий систем ашиглан нууцаар явуулна.
Сонгуульд гурав ба түүнээс олон нэр дэвшигч бүртгүүлсэн тул үе шаттайгаар санал хураах нь.
Тодруулбал, эхний санал хураалтаар хуралд оролцсон ҮБХ-ны гишүүдийн саналын 10 хувийг авч чадаагүй нэр дэвшигчийг хасаж, үлдсэн нэр дэвшигчдийг дараагийн шатны санал хураалтад оруулна. Санал хураалтаар хамгийн бага санал авсан нэр дэвшигчийг хасах зарчмаар үргэлжлэх ба сүүлийн шатанд хоёр нэр дэвшигч өрсөлдөхөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцож, ҮБХ-оос намын Их хуралд өргөн мэдүүлнэ. Сүүлийн шатанд үлдсэн хоёр халз мэтгэлцүүлж болно хэмээн нэгдүгээр сарын 13-нд АН-ын ҮБХ хуралдахдаа баталсан намын дарга сонгох журамд заасан байдаг. Мөн нэр дэвшигч сонгуулийн аль ч шатанд нэрээ татаж болох юм.
Гэхдээ дараах тохиолдолд сонгууль үе шаттай болохгүй ч байж болох юм.
• Санал хураалтын аль ч үе шатанд аль нэг нэр дэвшигч 50%+1 санал авсан тохиолдолд намын даргаар сонгогдсонд тооцож, ҮБХ-оос намын Их хуралд өргөн мэдүүлнэ.
Сонгууль ийн дууссаны дараа Их хурал 14.00 цагаас хуралдаж, даргаа соёрхон батлах юм.

