Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулж батлуулж чадсан.
Гэвч ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх, энэхүү хуулийг олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалаагүй хэмээн шүүмжилж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар ярилцлага өгөхдөө “ Ардчиллын эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль батлагдсан. Одоо иргэн хүн өөрийн үзэл бодлоо цахим сүлжээнд илэрхийлснийхээ төлөө эхлээд 100 мянгаар торгуулна. Дараа нь 500 мянгаар торгуулна. Гурав дахь удаагаа зөрчил гаргавал баривчлагдахаар болоод байгаа юм.
Иргэд ингээд шийтгүүлээд ирвэл сүүлдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээ болино. Төр засгаа шүүмжилж чадахгүй, эсэргүүцэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээсээ шантардаг болно. Коммент бичдэггүй ард түмэн болно. Бухимдлаа илэрхийлдэггүй иргэд болно. Ингэснээрээ нийгмийн тэсрэх бөмбөгийг бэлдэж байна гэсэн үг. Энэ бол маш том аюул. Энэ аюулаас сэргийлдэг ганц зүйл бол сошиал. Иргэд үзэл бодол, уур бухимдлаа сошиал талбарт дураараа гаргадаг. Ингэснээрээ нийгмийн уур бухимдлыг бага ч болов тогтмол дарж байсан. Гэтэл энэ хуулиар үүнийг нь хаачихлаа. Тайван жагслаа гэхэд лайв хийдэг, жагсаал цуглаантай холбоотой юм бичихэд л иргэний сошиал хаягийг шууд хаадаг ийм нөхцөл байдал руу очиж байна. Дарга нараа шүүмжилдэггүй, иргэд үзэл бодлоо илэрхийлдэггүй нийгэм гэдэг бол дарангуйллын нийгэм бүрдчихсэн гэсэн үг. Нэг хэсэг Эрдэнэтээс гэрэл цахилгааны төлбөрийг төлсөн. Энэ хугацаанд эрчим хүчний үнэ 15 удаа нэмэгдсэн. Иргэд биш, Эрдэнэт төлж байгаа гэдэг утгаар нэмээд л байсан. Ингээд нэг өдөр иргэд өөрсдөө төлөх болсон. Гэтэл өмнө төлж байсан төлбөр нь хоёр, гурав дахин нэмэгдчихсэнд ард түмэн бухимдсангүй. Ард түмнийг ийм болтол л нь халамжилсан байна. Нөгөөтэйгүүр нэг өдөр л гэрэл цахилгааны үнэ замбараагүй нэмэгдчихлээ гээд хэлэх ард түмэн алга. Тэд айдастай байна. Ямар их дарангуйлал вэ.
Цаашлаад иргэд 2024 он гэхэд нүүрсний хулгайг бичихгүй, ЖДҮ-ийг бичихгүй, Хөгжлийн банкны хулгайг бичихгүй болно. Тэгэхээр эрх баригчид ард түмнийг эдгээр хулгайг мартчихсан байна гэж ойлгоно. Ингээд дараа дараагийнхаа хулгай хийх замаа засна гэсэн үг. Тиймээс энэ хуулийг нэн яаралтай цуцлах шаардлагатай” гэжээ.