Үзмэрч, засалч Нямаа “Өнөө цагт хүн бүхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа нь нууц биш. Мөнгө дуудах зан үйлийн талаар?
Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг.
Сэтгэлээрээ мөнгийг хүсч байгаа ч амаараа үгүйсгэдэг хүн олон байгаа. Яагаад гэвэл бүх эд зүйлс өөрийн гэсэн давалгаатай, энерги эрчимтэй байдаг. Миний хувьд олон хүнийг мөнгөтэй болоосой, амьдрал нь дээшлээсэй гэж хүсдэг. Ажил хөдөлмөр хийсэн ч болохгүй үе хэцүү үеүд, аргаа барж, амьдралд уйлах шантрах ганцаардах үе зөндөө. Ахиад босож чадахгүй юм шиг итгэл мохох үе бишгүй бий. Мөнгийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ, үнэнээсээ хүсэх хэрэгтэй. Эдийн тэнгэрээ тахиж, лусаа аргадаж, буян хишиг арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдагтайгаа шүтэн барилдаж, зан үйл засал номоо хийлгэдэг байсан. Гэвч зарим хүмүүс аливаа юманд мухар сүсгээр өөрийнхөөрөө зүтгэж, муйхарладаг. Буян хишигтэй баян байя гэвэл сэтгэлээ засаж, бодлоо цэгцэлж, дотоод сэтгэлээ цэвэрлэснээр буян хишиг арвижна. Бид бүгд өвөг дээдэс, ураг удмаасаа эд зүйлс өвлөн авч, хэдэн зууны турш буян хишгийг нь хүртсээр ирсэн. Шунал, тачаал, өөрөө хийж чадаагүй байж хүний хийсэн зүйлд атаархах, атаа жөтөө хорсол, хорч сэтгэлээ цэвэрлэчихвэл буян тогтож ирдэг. Эдийн тэнгэр тахиж, шүтэн дээдэлж, буян хишгийн тэнгэр, лус савдгийг аргадаж дээдлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөртөө итгэдэг бол өчүүхэн ч гэсэн бага багаар буяныг хураа” гэлээ.

