Говь-Алтай аймгийн 100 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа. Ойг угтан бүтээн байгуулалт хийсэн нь олны таашаалд нийцэж байгаа бол баяр наадмын зохион байгуулагчид харин нутгийнхаа дуучинг гомдоож, багагүй шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, дуучин, бөх тайлбарлагч Хумбагарын Батмэнд Говь-Алтайнх бөгөөд “Хантайшир уул” дууг баярынхаа өдөр дуулж, бөхөө тайлбарлах зорилготой нутагтаа очсон байна. Гэвч наадмын зохион байгуулагч хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнэ буюу Аранзаа олноо МУГЖ Х.Болормаагийн нөхөр гэдгээр танигдсан хүн дуулуулаагүй ажээ. Үүнийгээ тэрбээр нэг ч хүн ганцаарчилж дуулахгүй хэмээн тайлбарласан аж. Үүнд дуучин Х.Батмэнд тун гомдолтой байгаа бөгөөд ийм явдал нэг биш удаа болж байжээ.
Х.Батмэнд: “Хөдөө яваад 11 хоноод ирлээ. Гэртээ ирээд сунаж унан хэвтэх мөн сайхан даа. Манай Алтайнхан Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяраа тэмдэглээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байх шигээ. Нутгийн минь ойд бөх, морь, харваачид үй олноороо оролцож байгаа ажээ. Урлагын алдартнууд ч өч төчнөөн очсон бололтой.
Би бээр ая дуугаа өргөчихөөд, бөхөө тайлбарлаад ирнэ гэсэн шүү юм бодож очтол микрофон олдохгүй шинжтэй болчихов. Ямартай ч 100 жилийн баярын хөтөлбөрт арай багтаагүй ажээ. Уг нь Хантайшир Уулаа дуулчихсан бол уул усаа баярлуулчих байсан байж магад аа. Хаа газар 100 удаа дуулснаас Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойд нэг удаа дуулчихсан бол сайхан л байх байлаа.
Нээрээ ингэхэд Алтай нутагт төрж өссөн хэрнээ Алтайдаа очоод хоёр дахь удаагаа хасагдаж үзлээ. Бөхийн тоо гүйцнэ гэж байдаг болохоос дуучны тоо гүйцнэ гэдгийг өнөө цагт бас мэдэж авлаа. Хол ойрын дуучид уран бүтээлчидтэй барьцсан хэрэг биш шүү! Зүгээр сонин болгож энэ ээ. Намайг нэг л их амьтан хүнтэй таардаггүй адмарын зантай амьтан гэж бодох нь бодохоор үйл явдлууд мөн ч их болох юм даа золиг гэж. Өнөө цагт бусдын аясаар явах боломжгүй болсон учир хаа нэгтээ үнэн зөвийн төлөө үзэл бодлоо хэлж хошуу нэмчихдэг, тэр нь эргээд ийм байдалд хүргэдэг жамтай юм шигээ.
Гэвч анх удаа тохиолдсон явдал биш, өчнөөн жил иймэрхүү байдлыг биеэр туулсан болохоор төдийлөн ач холбогдол өгөхгүй шиг байхыг хичээсхийе гэж өөртөө хэлж, тэсэн тэвчиж явна даа. Хүн л болсон хойно доо, арай өөрөөр яриад бүрмөсөн зүйл дуусгачихмаар мунхаг бодол нэг бус удаа бодогддог л юм. Үүнээ нэг их нуугаад яахав. Ардаа гэр бүлгүй, “гон бие гозон толгой байсан сан бол тун эвгүй аймшигт явдал болохыг хэн байг гэхэв”. Тэгэвч буурлуудаас өвлөгдсөн тэсвэр тэвчээрээ заахыг урьтал болгохоос өөр яалтай. Гэхдээ л тэвчээрт хязгаар бий шүү.!!!
Хорвоогийн амьдрал ээлжтэй байдаг учраас нэг өдөр би дуугаа дуулах болно. Уг нь яг ид дуулдаг нас юмсан. Алтайд төрж өссөн хүү би Алтайнхаа 100 жилд дуулж чадаагүй дээ бага зэрэгхээн сэтгэл дундуур ирлээ. Гэхдээ аян замдаа дуулсаар л ирлээ. Ер нь бусдын замд садаа болох нь аймшигт хар нүгэл юм шүү дээ! Нүгэл хийж яваагаа ч ойлгохгүй улстай юу ч ярих вэ дээ, халаг гэж. Заа заа, шал дэмий юм биччих үү дээ. Намайг ойлгох нь ойлгох биз, заавал ойлгуулах гэж зовохын хэрэг юун. Хоёр хоногийн өмнө, “Би их сонин зантай хүн л дээ” Алтайдаа ирээд 100 жилийн ойн баяр хүлээх сайхан ч зөн совин нэг л биш ээ, гэр лүүгээ явдаг ч юм билүү гэсэн юм бичиж байсныг уншсан хүмүүс бий байх. Иймэрхүү юм болохыг зөн совингоороо мэдсэн хэрэг л дээ…
– Хөөе Батмэндээ! Чи зүгээр наадмаа үзээд тэрлэг хувцсаа өмсөөд малийтал инээгээд алхаачээ! Заавал дуулж хуурдах албгүй гэж хэлэх миний багш болоод ойрын мэр сэрхэн ахан дүүсийн үгийг үл тоон шарандаа гараад давхиад явчихав. Тэгж наадамлаж болох л доо. Гэтэл зогсоо зайгүй хүмүүс хүрч ирж мэндлээд л,
– Дуугаа дуулна биз дээ? Тэр дуугаа заавал дуулаарай! Энээ тэрээ гээд бүр нэг үнэн голоосоо хүндлээд байгаа хүмүүсийн урдаас хэлэх үг олдохгүй хэцүү юм. Дэмий л адилхан инээд алдасхийн,
– Өө, би энэ удаад дуулахгүй байхаа. Өчнөөн уран бүтээлчид ирчихсэн харагдана. Зүгээр л наадам үзье гэж итгэл муутайхан хэлснийг тэд маань даа их тоохгүй,
– Хүүе, юу гэсэн үг вэ? Яалаа гэж дээ! Дуугаа дуулалгүй яахав ээ хө. Би хүлээж байя! Гэх мэтээр өгүүлцгээх нь арга буюу буцахад хүргэв. Үүнийг уншсан эрхэм та нараас гуйх нэгэн хүсэлт байна. Өчүүхэн намайг бол буруутгаж доромжилж болно оо, тэр огт хамаагүй ээ. Харин намайг өмөөрч хэн хүнийг хардаж таамаглан муу муухайг бичиж үзэн ядахгүй байхыг хүсье! Хэрэв зээ, юм бичмээр бол аль болох айвуу тайван бөгөөд ухааны ураар хандаарай хэмээн чин сэтгэлийн угаас хүснэм…” хэмээн бичжээ.
Гэтэл аймгийн 100 жилээр Говь-Алтайн тухай дуунууд олон л дуулагдсан бөгөөд нутгийн олон “Хантайшир уул”-ыг хүлээсэн ч дуулагдаагүй нь ийм учиртай ажээ.
Энэ талаар МУСТА, Дуучин Б.Баттөр: Хөтлөгч нар үнэхээр гавихгүй зүгээр л зарлаж байна лээ!!! Аливаа хүндэтгэл ёслолд хөтлөгч маш чухал байдаг даа.Түмний наадам хүний нутгийн наадам би шүүмжлэх гэсэндээ бус! Алтайчууд Алтайчуудаа л дэмжих хэрэгтэй сэн!!! Хаа гадны дуучин дуулуулж байхаар Алтайгаараа овоглосон дуучид уран бүтээлчидээ оруулах л байсан юм даа гайхмаар хэмээн байр сууриа илэрхийлжээ.