Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хурлын үйл ажиллагааг орон нутгийн “Сайхан монгол” телевиз шууд дамжуулж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтохоос эхлээд нэлээдгүй ширүүн уур амьсгалтай хурал болсныг Анхдагч нутгийн иргэд чих тавин ажиглаж суув.
Хуралдааныг хурцатгасан гол шалтгаан нь Орон нутгийн өмчит “Булган Мээж” ус, дулааны компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг нэр бүхий төлөөлөгчдөөс санал оруулахад тус хурал дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцжээ. Учир нь тус компанийн захирлаар Булган аймгийн АН-ын дарга Г.Ганбаатар ажилладаг бөгөөд сүүлийн 23, 24 оны хугацаанд 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн зөрчил гаргаж, 10 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байж болзошгүй байна. Эл асуудлаар АН-ын дарга Г.Ганбаатарыг “Булган Мээж” ОНӨХХК-ийн захирлын ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгуулагаар шалгуулах болно гэдгээ Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир мэдэгдсэнээр маргаан эхлэв.
Монгол улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачлагын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудлыг УИХ, засгийн газрын түвшинд яригдаж байгаа энэ цаг үед тус асуудлыг хэлэлцэж иргэддээ бодит мэдээлэл хүргэхээр зорьсон төлөөлөгчдийн санаачлагыг буруутгах аргагүй юм.
Улмаар тус асуудлыг хэлэлцэхгүй хэмээн АН-ын бүлэг болон тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд хурлыг орхин гарчээ. Хурлын олонхи тус асуудлыг хэлэлцэж үргэлжүүлэх нь нь зүйтэй гэж үзсэн тул хууль бусаар хурлын үйл ажиллагааг тасалдуулсан хурлын дарга Ж.Ганболдыг огцруулж, төлөөлөгчдийн 51.8 хувь нь хурлыг үргэлжлүүлэн, 100 хувийн саналаар Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Мэндсайханыг Булган аймгийн ИТХ-ын хурлын даргаар томилсон байна.

