Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч
Улам улам мэрэгжихийн тулд ном судар цуглуулъюу
Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар
Усны сан болсон их далайд цутгах адил.
Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос
Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд
Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг
Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.
Үнэн мэргэн ухаантан номын утгыг мэднэ за
Үтэл мунхагууд хаанаас мэдэх
Үлэмж гэрэлт нар ургаваас л
Үзтэл шар шувуу тэргүүтэн харин балайрах адил.
Мэдэл чадал төгсвөөс гэмээ арилгана за.
Мэдэл багат мунхаг хүн хаанаас чаднам.
Мэх хүчин төгөлдөр гарди хорт могойг ална за
Мэнжлэгч муу хар хэрээ хүчин үл хүрэх адил.
Асар сайн ухаантан эд мал доройтовч
Ашид ухаан нь сайнаар байх бий.
Араатны хаан арслан өлсвөөс л
Асар түргэнээр зааны толгойг хагалъюу.
Сайтар эсэргүүцэж эс асуутал
Санаагаар хүний эрдмийг дэмий бүү цэнэ.
Сайн дуут хэнгэрэг боловч эс дэлдвэл
Сац бас өөрөө дуу үл гарах мэт.
Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадъюу
Ухаан муутан эе эвдрэн хямарвал
Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу
Усан мөрөн булингараар зүдэг болсныг
Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.
Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдаг занд үл орох.
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил.
Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.
Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.
Агуу цэцэн ухаантай бөгөөд буянт хүн нь
Анханд ганцаар боловч олон бүгдийг бөхийлгөн чадах.
Араатны хаан хүчит цагаан арслан хийгээд
Алтан хүрдэт чагарвардын хаан, нөхрийг
Хар ухаан аргад мэргэн болбол их хүчтэнийг ч
Хуурч боол болгон зарахад ер хэцүүгүй.
Хан гарди шувуу дэмий их хүчтэй боловч
Хууртаж Вишнүүгийн уналга болсон үлгэр мэт.
Баатар болоод, хүчин чадал их боловч
Балмад тэнэг болбол дэмий их үл дээшильюү
Баян болоод нэр жаргал хотол төгсөвч
Батдахын хишиггүй болвол даруй бууран одъюу.
Үтэл гэм эрдэм хоёрыг олонхоор мэдэх боловч
Өчүүхэн хольцсоныг сайн ухаант танина за.
Үнээнээс сүүгий нь бүгдээр саан чадах боловч
Өчүүхэн усанд хольсон сүүг, ганц галуу ялгах мэт.
Бодлого ухаан сайн болбол эс хэлэлцэвч
Бусдын дүр байдлаар санаагий нь мэднэ за.
Болсон алим тэргүүтэн жимсийг эс идэвч
Болгоомжит хэрсүү хүн амттайгий нь мэдэх мэт.
Аливаа мэргэд эрдэм сурах цагтаа өчүүхэн зовно за
Амраа харж дэмий суувал мэргэн үл болъюу.
Амар суухын төдийхэнд дурлагч тэр хүн
Ашдын их амгаланг ер үл олъюу.
Аугаа хүчин бага боловч ухаан бэлэг сайн болбол
Асар хүчит дайсанд ч үл дийлэгдьюү
Араатны хаан их хүчит цагаан арсланыг
Аргат өчүүхэн туулай хуураад алсан үлгэр мэт.
Өчүүхэн хүүхэд хэлсэн боловч сайн үг мөн болбол
Үнэн ухаантай мэргэд нь түүнийг тогтоон авна.
Үнэр сайт заарийг хэрэглэн дурласан хүн
Өмхий хүдрийн хүйснээс ч жигшилгүй авах мэт
Эрдэмтэй болоод сайн хүнийг ноён болговол
Yүрд хэрэг үйлс бүтээд, нийтээр амаржъюу
Ээрлийг ханхагч чандманыг тугийн үзүүрт тахивал
Энэ насны хүсэл бүгдийг хангах хэмээн алдаршсан мэт
Yнэн дээд номчин эд малаар үгүйрэвч
Yлэмжид номын үйлсэд харин хичээх болно за
Yлгэрлэвэл ноцсон галыг уруу хандуулавч
Yзүүр нь улам дээш бадран ноцох мэт.
Ургамал модны мөчир бөхийсөн нь жимстэйн тэмдэг
Уран эгшигт тогос номхон нь өд сайхантайн тэмдэг
Ухаант агт морь номхон нь хурдны тэмдэг
Оюун сайн чанарт дээдэс номхон нь мэргэний тэмдэг.
Сайн овог язгуурт хүн явдлаа сахих хэрэгтэй
Самуун шалиг явбал түүний уг язгуур хэрэггүй болъюу.
Сайхан үнэрт занданд улс дурладаг боловч
Сац түүний түлсэн нүүрсийг хэн ч үл хэрэглэх мэт
Шалгадаг сайн хүн, хазгай явснаа гэмд бодно
Шившигт муу хүн хэдий цалгайравч үл ажиглаюу
Шүр сувд тэргүүтэн цавтай болбол эвдэрхийд бодно за
Шилээврийн модон хэдий хагаравч үл хэрэгдэх мэт