Урлагаас нэгнээ олсон төгс хосууд
Б.Жаргалсайхан, Г.Урнаа
Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм. Тэд ханилан суугаад 36 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон бөгөөд жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ.
Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгох зорилготой урлагийн замаар явуулж байгаа аж.
О.Бат-Өлзий С.Сарантуяа
Монголын урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэр бүл бол найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий,МУГЖ Сарантуяа нарын гэр бүл билээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хүү Б.Тамир нь эцэг эх шигээ урлагийн хүн болсон.
Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр
Монголын урлагийн түүхэнд гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол авсан нь энэ гэр бүл. Өдгөө үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн айл АЖ Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй. 1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе. Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий. Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг. Ж.Мэндбаяр гуай гэр бүл, эр нөхөр, үр хүүхдээ бүсгүй хүн хэрхэн дээдэлж, асарч халамжлах талаар амьдралын том лекц уншихаар гайхалтай эзэгтэй гэгддэг.
Ц.Хүсэлбаатар,С.Өлзийхүү
Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчдийн нэг Ц.Хүсэлбаатар,С.Өлзийхүү нар юм. Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа өнчирч “эмээгийн охин” болсон гэдэг. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа.