“Киви” хамтлагийн дуучин Намуунааг “Хар сувд” хэмээн тодорхойлдог. Түүний хувьд өдгөө хувийн амьдралдаа санаа тавьж сайн ээж, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж яваа юм.
Тэгвэл Намуунаа багадаа ийм охин байжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд өөрийн бага насны зургаа нийтэлсэн нь энэ.
Тэрээр төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд Испанид болсон тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлж явсан удаатай. Түүнчлэн, 2001 онд Францад болсон тэмцээнээс гран при шагнал хүртэж байсан бөгөөд тухайн үедээ Монгол Улсын оны шилдэг хүүхэд болоод Ерөнхийлөгчөөс бэлэг авч байжээ. Тэрээр мөрөөдлийнхөө тухай “Би багаасаа таван настай байхаасаа л дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байлаа. Дуучин, хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Одоо эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч. Хориод жил дуулж бүжиглэсэн байна. Мөн би одоогоор “Монгол модель” агентлагийн модель. Таван настай үеийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Хүн мөрөөдөж, бодож санаж явбал хэзээ нэгэн цагт түүндээ хүрдэг юм байна. Өвөө маань урлагийн хүн учраас намайг төрөхөд л манайд төгөлдөр хуур байсан. Хожим би түүнд амь оруулсан даа. Сонгодог урлаг хүнийг зөв хүн болгодог юм шиг санагддаг. Оюутан байхад л хэцүү санагддаг байсан. Хичээлээ давтаж, шалгалт өгнө. Тэр үед “Киви” эд “Hot line”, “Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд хитүүдийг бөмбөгдөж байсан үе. Тэр үед ажлаа зохицуулахад хүндрэл гардаг байсан ч би өөрөө их өөдрөг учраас амархан шантралгүй сэтгэл санаагаараа тэр бүхнийг даван туулж байсан” гэжээ.