Рок попын эмэгтэй дуучдын зүүн, баруун жигүүрийг магнайлж яваа гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг фэнүүд нь цаг ямагт л өрсөлдүүлсээр ирсэн.
Тэдний хувьд хоёрхон насны зөрүүтэй бөгөөд гуч гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа. Нас залуу цус шингэн үедээ шар хэвлэлээр үл ойлголцож явсан тэд өдгөө сайхан харилцаатай.
Тэд хэдэн жилийн өмнө яруу найрагч Ц.Хулангийн уран бүтээлд хамтран дуулж байсан бол энэ удаад МУГЖ дуучин Т.Ариунаагын санаачлагаар дахин хамтрахаар болжээ.
Энэ талаар Т.Ариунаа өөрийн цахим хуудаснаа “Үлэмж Төгөлдөр уран бүтээл төрлөө. Дуучин Ариунаа миний санаачилгаар МУСГЗ Л.Балхжав аялгууг нь бүтээж МУСГЗ Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж “Үлэмж Төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” гэжээ.