Манай Улсын аялал жуучлалын салбар албан ёсоор 1954 онд үүсч эдүгээ 70 орчим жилийн түүхтэй болсон бөгөөд анх төрийн өмчит “Жуулчин” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Монгол оронд 1921 оны Ардын хувьсгал ялсны үрээр аялал жуулчлалын салбар ч тодорхой хэмжээнд хөгжиж, Монгол орныг сонирхсон гадаадын судлаачид, жуулчид монгол орны нутаг дэвсгэрт удаа дараа жуулчлан, судалгаа шинжилгээний ажлаа зохион байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл монгол орны нутгаар аялах эдгээр аялагч, судлаачдын ажиллах нөхцөл бололцоо, аюулгүй байдлыг хангахад Монголын төр засаг онцгой анхаарч ирсэн юм.
Тухайлбал: 1924 онд Цэцэрлэг мандал, Хан тайшир уулын аймгийн нутгаар судалгаа шинжилгээ хийхээр аялан явсан АНУ-ын эрдэмтэн, судлаач Рой Чэпмэн Эндрюс болон ЗХУ-ын ШУА-ийн гишүүн академич Б.Я.Владимирцов, газарзүйч А.Д.Симуков зэрэг олон арван эрдэмтэн судлаачид монгол орноор аялан, судалгаа шинжилгээ хийхэд нь газарч, замчин болон ачлага, уналга зэргээр туслалцаа үзүүлэн, чөлөөтэй зорчих эрхийг олгож байсан. Энэхүү олон шинжээч, судлаачид нь монгол орныг судлан шинжлэхээс гадна монголын ард түмний түүх соёлыг сурталчилан, дэлхийн соёлт ард түмний сонорт хүргэсэн нь хожмын монголын аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлсэн юм.
Бид энэ удаа Үндэсний төв архивт хадгалагдаж буй 1930-аад оны үеийн аялал жуулчлалд холбогдох хоёр баримтыг та бүхэндээ монгол бичгээс кирилл бичигт буулган хүргэж байна.
Монгол Улсын арван долоодугаар он буюу 1927 оны Засгийн газрын эрхлэх товчооны 3 дугаар хурлын тогтоол болон 1929 оны Засгийн газрын 24 дүгээр тогтоол нь монгол оронд аялал жуулчлалаар явж буй иргэдээс дур зоргоор үлэмж хэмжээний татвар, гааль авч байна гэсэн цуу үг үнэн, худал алин болохыг магадлах, дараа мөн адил ийм хэрэг гарах аваас эзэн холбогдогч хэзээ, хэн, хэдийд гачигдуулсан болон гачигдсан зэргийг баримттай нотлон тогтоож шийдвэрлэх, мөн Дэн буудлын газраар хоноглон бүхий гадаадын иргэдийн бичиг баримтыг хурдан түргэн сэргийлэх, цагдаад бүртгүүлж байхыг шийдвэрлэсэн.
Энэхүү архивын хоёр баримт бол Монгол орноор аялан явж буй гадаадын иргэдийн талаар тодорхой арга хэмжээ авсан тогтоол шийдвэрүүд юм.
Баримт № 1
Монгол Улсын арван долоодугаар он нэг сарын тавны өдөр. Засгийн газрын эрхлэх товчооны гишүүд хуралдсан гуравдугаар хурлын тогтоол.
Гуравдугаар зүйл. Монгол ардын хувьсгалт намын төв хорооноос Улаанбаатар хот дахь намын хорооноос гишүүн Жадамбаас Тагна Урианхайн зэрэг газар аялахаар одогчдоос үлэмж ихээхэн гааль хураах ба мөнгө торгож, гачигдуулав хэмээсэн саналыг сийрүүлэн гаргаж гүйцэтгэн шийтгүүлэхүйг ирж бичиг хүргэн ирсэн тухайд манай Төв хорооноос эл гаргасан санал битүүлэг болсон учир дахин учрыг бүртгэн тодорхойлж, ирүүлэн зохих газраа хойш явуулсан нь данснаа тэмдэглэжээ.
Эдүгээ хотын хорооноос эл хэргийг зохих үүрт эргүүлэн явуулсан нь мөн үүрээс энэхүү хэргийн тухай гишүүн Жадамбаас асуухад түүнээс Тагна Урианхайн зэрэг газраа аялахаар одсоноос үлэмжхэн гааль хураах ба мөнгө торгож, гачигдуулав гэх зэргийг дам цуурхан хэлэлцэж байсан нь сонсож мэдсэнээс чухам аль он сар, хэдний өдөр, хэн хэн ямар газар хүрч гачигдсан ба гачигдуулсан зэргийг ер тодорхой мэдэж чадаагүй хэмээсэн учрыг гаргаж ирсэн тул гүйцэтгэн шийтгэмү хэмээн бичиг хүргэн ирсэн.
Үүнд үзвээс эл зүйлийн санал хэдүйгээр тодорхой баримт үгүй болох авч урьд ирсэн хэргийн хамт шилжүүлэн явуулж, хэрвээ үүнээс хойш энэ мэт хэрэг илрэх аваас тухайд зохих газартаа харилцан нэгэн тийш болгохыг оролдвоос зохих болов уу хэмээн уг хэргийн бичиг хоёрт, гурван тоот хуудас дагуулан хүргэж ирсэн хэргийг хэлэлцээд энэхүү гишүүн Жадамбаас Тагна Урианхайн зэрэг газраа аялахаар одсоноос үлэмж ихээхэн гааль хураах ба мөнгө торгож, гачигдуулав гэх зэргийг дам цуурхан хэлэлцэж байсан нь сонсож мэдсэнээс чухам аль он сар, хэдний өдөр, хэн хэн ямар газраа хүрч гачигдсан ба гачигдуулсан зэргийг ер тодорхой мэдэж чадаагүй хэмээсэн боловч Тагна даваан харьяат газраа манай улсаас аялах зэргээр энгийн одсон ард зүй бусаар хилс гачигдуулан явсан зүйл буй буюу үүнээс хойш мөн энэ мэтээр гачигдуулан зовооход хүргүүлвээс чухам хэн ямар газар хэрхэн гачигдсан зэрэг явдлыг харьяат газруудаас үнэн оновчтойгоор нэгд нэгэн үгүй тодорхойлон гаргаж уламжлан мэдүүлэн ирүүлээд зохих газартаа харилцан гүйцэтгэн шийтгүүлбээс зохих явдлыг Гадаад явдлын яамнаа явуулж зохих газруудад зарлан гүйцэтгүүлэхээр тогтов.
Нарийн бичгийн дарга. Балжинням
Баримт № 2.
Монгол Улсын арван есдүгээр он. Долоон сарын хорин зургааны өдөр хуралдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын хорин дөрөвдүгээр хурлын тогтоол.
Гуравдугаар зүйл. Эдийн засгийн зөвлөлөөс Сангийн явдлын яамнаас Улаанбаатар хотын захиргааны Дэн буудлын газар буудалласан гадаад хүмүүсийн бие хамгаалах бичгийг мөнхүү Дэнгийн газраас тусгай хүмүүсийг явуулж цагдан сэргийлэх газарт хурдлан бүртгүүлж гүйцэтгүүлэх, тухайн татварт хүн тутмаас тавин мөнгө хураахад үл болох газаргүй болов уу хэмээсэн учрыг гаргаж эл бичгийг Сангийн яамны саналын ёсоор явуулваас зохих болов уу хэмээн тогтоон шийтгэхийг эрж 294 тоот хуудсаар ирсэн хэргийг шийдвэрлэжээ.
1930-аад оны үе бол Ардын хувьсгал ялаад удаагүй байсан, аялал жуулчлалын салбар бие даан хөгжиж, төлөвшиж чадаагүй байсан хэдий ч тухайн цаг үед Монгол орноор аялан, судлан шинжилж байсан гадны олон арван эрдэмтэн, судлаачдын эрх ашгийг хамгаалан, мөн тэднээс тодорхой хэмжээний гааль татвар авах, бүртгэл байцаалтыг чангатгах зэрэг нь хууль зүйт төрийн эрх үүрэг гэдгийг энэхүү хоёр баримтын агуулгаас харж болно.
/Бэлтгэсэн: МАЗУГ-ын ЭША П.Чүлтэмсүрэн/