Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч С.Галтад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Иргэн М 2018 оны тавдугаар сард хөлөө гэмтээн мэс засалд оржээ. Энэ үед ГССҮТ-ийн их эмч С.Галт хагас сая төгрөгийн хахууль өвчтөнөөс авсан аж. Тухайн иргэн хоёр жилийн дараа буюу 2020 онд хөлнийхөө ясыг хадсан хадаасыг авхуулахаар очиход нэмж 300 мянган төгрөг авсан хэрэгт холбогдсон юм байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан, НПГ-ын хяналтын прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч С.Галт, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа болон гэрчүүдийг байлцуулан шүүх хурлыг хийгээд уг эмчийг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх”-ыг зөрчсөн.
Мөн эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх дүрэм, журмыг зөрчсөн нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэжээ. Улмаар ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч С.Галтын зорчих эрхийг зургаан сар хязгаарлах ял шийтгэсэн байна.