Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар мэдээлэл хийлээ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан “Зам тээврийн хөдөлгөөний удирдлага хяналтын нэгдсэн ухаалаг систем бий болгох”, “Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд RFID систем, Шалган бүртгэх товчооны систем, Хяналтын камерын систем, газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн системийг бий болгох бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.
- RFID систем
RFID системийн зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх явдал юм.
Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадвар сайжирч, үүссэн асуудал нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгох юм.
- Шалган бүртгэх товчооны систем
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэх үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч зам ашигласны төлбөрийн нэхэмжлэх системд үүсгэж, төлбөрийн мэдээллийг тээврийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний https://smartcar.mn// систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал үүсэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.
- Хяналтын камерын систем
Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэлх нийт 44 цэгт 45 камер суурилуулж дууссан. Зөрчил бүртгэлийн камерыг суурилуулснаар 1 дүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, нийтийн тээврийн зорчих хасгийн ачааллыг бууруулах боломж бүрдсэн.
Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажил, RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээллээ.
Тэрээр “Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөний нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн ба 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй” гэлээ.
ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан
“Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана” хэмээв.
Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг
“RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг гуравдугаар сарын 1-ээс импортоор орж ирж буй машинуудад суулгаж эхэлнэ. Зорчих хөдөлгөөний хязгаар байхгүй. Иргэд мэдээлэлтэй байх боломжийг олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан байнга явдаг замын хаасан байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Түгжрэл буурна гэхдээ хэдэн хувьтай буурахыг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.