Маналын сүмийг 1730-1737 онуудад барьсан бөгөөд энэ сүмд Буддагийн шашны анагаах ухааныг дэлгэрүүлэгч Манал “оточ” бурханыг байрлуулж тахиж байжээ. Буддагийн шашны ёсонд анагаах ухааны ёсыг сахих, ургамлын үндсээр эм хийх эмийн дөрвөн үндэслэл нь эрт дээр үеэс уламжлан иржээ.
Анагаах ухааныг эрхэмлэх ёс:
Анагаах ухааны ёсыг сахих ёс, онолыг үзэх сургуулийг шашны ёсонд Манба гэдэг байжээ. Манбын ёсонд анагаах ухааны бурхан нь Манал гэдэг байна. Иймд 1748 онд Амарбаясгалант хийдэд анагаах ухааны сургууль байгуулж тусгай дацан сургуультай болсон бөгөөд ургамлаар эм хийх ажилд чухал нөлөө үзүүлжээ. Анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын эцэг Түшээт хаан Гомбодоржийн өвөг дээдэс болох Автай хаанаас хойш Манал бурханыг шүтэж тусгай сүм байгуулахыг хүсдэг байжээ. Түүнийг үндэслэн Амарбаясгалант хийд байгуулах үед шар ордны гол хэсэг болох шар хэрмийн дотор Маналын сүмийг байгуулсан байна.
Тус сүмийн дотоод байршилт:
Маналын сүмийн дотор зүүн талд урт дүнзэн ширээн дээр Манал бурхан хэмээх анагаах ухааны хаан хэмээгч эмч нарын найман бурханыг байрлуулжээ.
Үүнд: 1. Цанида
2. Даян
3. Сэрсэндэмбэд
4. Мин-Чин
5. Чойдог
6. Чойжамц
7. Биндэр Манал
8. Шагжтөв
Эдгээр бурхадыг анагаах ухааны найман бурхан оточ Манал гэдэг юм. Маналын сүмийн нэг нандин бурхан бол Чагданжандонсэдэд /цагаан шүхэрт/ юм. Энэ бурханыг мянган мэлмийтэй, мянган мутартай гэдэг бөгөөд Гомбо Очирваань зэрэг бурхадыг дагуулан хамт зурсан байна. Маналын сүмийг 1797 он, 1826 он, 1860 онуудад сэлбэн зассан байна.
Байршилт: Цогчин дуганы баруун хойд өнцөгт IY богдын шарилын сүмийн урд талд, Зуугийн сүмийн урд талын талбайг баруун талаас нь хааж баруун талдаа 2 метр орчим зайтай шар хэрмийн дотор оршино.
Барилгын бүтэц: Тэгш хэмийн хөндлөн чиглэлд даацтай модон каркас бүтээцтэй. Дагширжуулсан шороон дээр шууд шохойн бэлтгэл дээр өрсөн 3 тал тоосгон ханыг шалнаас дээш 1 метр орчим өндөрт чулуун эмжээрээр эмжиж каркасны дээд яс мод хүртэл өржээ. 2,30 метр төвшингөөс дээш 5 үе шохойн аарц хийж нягтруулсан хөрсөн дээр шохойн бэлтгэл 20мм орчим зузаантай хийж түүн дээрээ хөх тоосгон баганан суурийг захын 2 баганын хооронд нэгдмэл суурь болгон хийж өгчээ. 15 үе тоосгон суурин дээр баганы доорхи боржин чулууг байгалийн чулуугаар чигжиж суурилуулсан байна.