Тийм ээ, эрхэм гишүүн та тултал нь мөрөөдөөд ав. Яг үнэндээ 2016 оны УИХ-ын сонгууль санаанд оромгүй болсон. Ямар сайндаа л Э.Бат-Үүл “МАН гэсэн бор халзан хонь ч сонгогдохоор байлаа” гэж байх вэ. Энэ үнэний ортой.
Төрд хэрэггүй олон зайран, удган энэ сонгуулиар УИХ-д ороод ирсэн. Зарим нэг нь одоо ч учраа олохгүй давхиж явна. Харин тэдний дунд нэг хөөрхөн хөдөлгөөнтэй банди гишүүн болоод орж ирсэн. Түүнийг Х.Нямбаатар гэдэг. Хэнтийн залуу юм. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга болсон. Тэнд байж байгаад УИХ-ын гишүүн болчихсон. Ёстой азтай залуу. Харин мань азтай залуу маань сүүлийн үед том том мөрөөдөл тээж гариг андуурчих гээд байдаг болчихов. Тэрбээр хамгийн болохгүй улстөрчдийн нааддаг популизм хийх аргад гарамгай сайн суралцаж амныхаа зоргоор ярьдаг болчихлоо.
Тухайлбал, өнгөрсөн хоногоос эхэлж эрхэм мөрөөдөгч гишүүн “Хэрвээ намайг Сонгиночууд дэмжвэл би хотын дарга болно” гэчихсэн хэвлэл болгоноор дайв. Харин ч үүнийг харсан сонгогчид нь түүнд таагүй үгсийг хайр найргүй илгээж байгаа нь одоо ч сошиал дээр байж л байна. Түүнчлэн өчигдөр МАН-ынхан шөнө дөл болтол Удирдах зөвлөлөө хуралдуулж хэрүүл тэмцэлдээ хүрсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “…Би 2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жил төрд ажиллахдаа хулгай хийгээгүй. Төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авснаас хойш долоо хоног бүрийн пүрэв гараг бүрт над руу зохион байгуулалттайгаар довтолж ирлээ. Миний нэр хүндийг унагаах гэсэн. Сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар түгээж, 2.5 жилийн турш түгээлээ. Нэр, хаяггүй энэ цахим хуудсуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд манай намын гаралтай байсан. Би суудалтайгаа зууралдахгүй ч гэлээ, эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна” гэжээ.
Гэтэл нөгөө мөрөөдөгч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Надад итгэл хүлээлгэвэл би Хотын дарга болъё” гэхэд нь Су.Батболд “Хот бол мөнгө биш шүү Х.Нямбаатар аа” гэх хоржоонтой хариултыг түүн рүү шидчихэж. Нээрээ л хот мөнгө биш шүү дээ Х.Нямбаатар гишүүн гуай. Яг үнэндээ популизм аюултай. Нэг хүнд, нэжгээд хүнд, бүр улс үндэстэнд аюул тарина гэдгийг энэ хүнд яаж ойлгуулах вэ. Хамгийн аюултай популизм хийгчид буюу ПОП-ууд хэзээ ч өөрийн толгойгоороо ажилладаггүй. Хэн нэгний заавраар юу ч бодолгүй, зөвхөн нөгөө “том хүн”-дээ найдаад юу ч хамаагүй ярьдаг. Үр дүн нь яах нь тэдэнд хамаагүй. Х.Нямбаатар бол яг тийм залуу.
Зарим асуудлаа өөрөө ойлгож байгаа эсэх нь ч бүрхэг. Энэ шууд мэдэгддэг юм. Ямартай ч Х.Нямбаатар ямар нэг зүйл ярьж л байвал ард нь хэн нэгэн байна гэдгийг ухаад ойлгочих хэрэгтэй. Тэр барагтай л бол өөрийнхөөрөө, улсаа бодож том дуугарахгүй учраас тэр шүү дээ. Х.Нямбаатар одоохондоо БЯЦХАН ПОП байгаа. Тэрбээр хүмүүс намайг сонсож байна. би анхаарлын төвд байна. Улстөрч хүн ийм л байх ёстой гэж тэр сэтгэдэг. Тийм учраас цаадуул нь “Чи лаг” гэж онгирооно. Хэрвээ энэ чигээрээ явсаар хэдэн жилийн нүүр үзвэл Х.Нямбаатар маш аюултай ПОПУЛИСТ болж торнино. Барын зулзагыг бага дээр нь гэж манайхан ярьдаг даа.
Тийм учраас Х.Нямбаатар гэдэг залууг соён гэгээрүүлж, зөв замд оруулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй, ийм боломжгүй бол Монголын төрөөс зайлуулах ёстой юм.
Х.Маргад
Эх сурвалж: Эрэнньюс.мн