“Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очирыг эршүүд, атман эмэгтэйчүүдийн дүрээр үзэгчид илүүтэй танина. Мөн тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглосон монголын анхны эмэгтэй жүжигчин юм.
Хэр баргийн жүжигчний тоглоод байдаггүй дүрийг өлхөн гүйцэтгэдэг энэ бүсгүй өдгөө 43 настай.
Тэрээр нэгэн хэвлэлд “Ер нь би эерэг дүрд тоглох нь ховор. Дандаа эсрэг дүр ирдэг. Эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог. Тайз гэдэг маань давуу чанартай. Яагаад гэхээр өчигдөр дутуу тоглолоо гэхэд маргааш нь дутуугаа нөхөөд тоглох боломжтой. Харин дэлгэц нь бичигдсэн бол тэр чигээрээ л үлддэг болохоор эргэж засах боломжгүй гэдэг утгаараа хэцүү байдаг. Тиймээс дэлгэц дээр ажиллах үед их л нарийн бодож, сүүлд нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйгээр нарийн чимхлүүр ажиллагаа орно.
Би өөрийнхөө уран бүтээлийн араас хардаг. Нэг ёсондоо нэг хүүхэд төрүүлсэнтэй ялгаагүй. Надад энэ ажлыг ханатал нь хийсэн гэсэн юм одоохондоо байхгүй. Гэхдээ бүх дүрдээ хайртай, сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг. Уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй, өшөө цаашаа явмаар санагддаг” гэжээ