“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихыг танихгүй хүн ховор.
Рок попын ертөнцөд соло гитарыг түүн шиг “уйлуулж” тоглодог хүн ч байхгүй. Өдгөө 50 насны босго алхсан Өөжгийг манай папараци дурандаа буулгалаа.
Тэрбээр сайн гитарчнаас гадна сайн дууны зохиолч. Түүний зохиосон дуунууд ихэвчлэн хайрын тухай байдаг. Энэ тухайгаа тэрбээр “Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. 

Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьдог” хэмээн нэгэн хэвлэлд ярьж байсан удаатай.

