АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тавдугаар сарын сүүлчээр өнгөрсөн жилүүдэд ч шалгаж байгаагүй олон хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Тодруулбал, эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь тус газрын статистикт дурдагдсан өмнөх хэргүүдээс өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 1000 давсан хэрэг нэг долоо хоногт мөрдөж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Уг 1027 хэргээс 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дотор Төв аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ. Тус аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Барилга захиалагч, орон сууцын корпорац” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Баттөгс нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан байна.
Тэд Өндөрширээт болон Архуст сумын чиглэлийн авто замын барилгын зураг боловсруулах гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Засмал зам” гэх компанитай байгуулсан аж. Улмаар тус аж ахуйн нэгжийн данс руу 40 сая төгрөг шилжүүлсэн нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл хэмээн мөрдөн шалгасан гэнэ.
Улмаар уг хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлэх юм. Шүүхээс хэргийг хэлэлцээд гэм буруутай бол хуульд зааснаар ял оноох эсвэл цагаатгаж шийдэх болно.
Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй Д.Мөнхбаатар нь өдгөө Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын даргаар “дэвшин” ажиллаж байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

