Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “4 жил” гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан байдаг.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар багтсан. Тэгвэл ажлын хэсэг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “4 жил” гэснийг “6 жил” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэн, хуулийн төсөл боловсруулж, өчигдөр байнгын хороогоор хэлэлцлээ.
Мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын саналыг байнгын хороо дэмжив.

