Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг буурулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар амралтын өдрөөр түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж байгаа зам, гүүр, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хорооллын араар Толгойтын замтай холбох олон түвшний огтолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК-ийн түншлэл шалгарч төслийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 95 хувьтай, газар шорооны ажил өрнөж байна. Нийт зургаан эгнээ, хоёр талдаа тойрогтой, 5.2 км гол болон холбоос зам, 125.3 метр гүүрэн гарцтай, олон түвшний огтлолцол хийгдэхээр батлагдсан. Энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал 15 хувь, Баянхошууны буюу Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөөний ачаалал 12.3 хувиар буурах тооцоолол гарсан. Хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа.
“Иргэн н.Чинсанаагийн өмчлөлийн дөрвөн айлын газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Газар, бусад эд хөрөнгийг нь 1.6 тэрбумаар үнэлсэн ч дөрвөн тэрбум төгрөг нэхэж байгаа учраас ойлголцож чадахгүй байдал үүссэн” гэдгийг гүйцэтгэгч компанийн инженер Б.Нямдаваа хэллээ.
УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтад иргэн, ААН-ийн дэмжлэг, эерэг оролцоо, нийгмийн хариуцлагатай байдал, эх оронч сэтгэл хамгийн чухал. Хаа хаанаа ойлголцож чадвал энэхүү төсөл 2024 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Түгжрэлийг бууруулахад иргэд санал санаачилга, дэмжлэг, хамтын ажиллагаагаараа оролцоосой гэж хүсэж байна” гэлээ.
#Түгжрэлгүй_Улаанбаатарын_төлөө