БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэв. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.