Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2025” олон улсын хээрийн сургууль энэ оны 06 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Энэ удаагийн сургуульд 24 орны 1300 орчим цэргийн алба хаагч оролцож, сургалт дадлагаар орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний бригад, батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд-штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд хэрэгжүүлэх салаадын хээрийн сургуулийг амжилттай явууллаа.
Дэлхийн өнцөг булан бүрээс 24 орон НҮБ-ын далбаан дор эв нэгдлээр цугларч, энх тайвны төлөө нэгдсэн “Хааны эрэлд-2025” сургууль ийнхүү өндөрлөлөө.Цагдаагийн байгууллагаа төлөөлөн амжилттай оролцсон баг, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.