Тяньмэний бослогын 30 жилийн ойд…
Тяньаньмэний талбайд 1989 онд болсон хядлага БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньмэний талбайд 1989 оны 4 сарын 15-аас 6 сарын 4-ний хооронд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цулаан болон суулт хийсэн бөгөөд түүнийг БНXАУ-ын удирдлага Хятадын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсаныг хэлдэг юм.
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараах их хөдөлгөөний салхийг хийсгэжээ. Ден Сяопиний өөрчлөлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос “гажууд” өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөжээ.
Гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хөдөлгөөн, өлсгөлөнг дэлхий даяар цацлаа. Энэ үеэр коммунист намын ахмадын зөвлөл оюутнуудтай ярилцаж үзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хүсээд байгаа нь тодорхойгүй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тянь Миний бослого амжилтад хүрээгүй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох, улс төрийг өөрчлөх гээд янз бүрийн шаардлага тавьж, тэр бүр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байсан нь тэр олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн билээ. Ардын Чөлөөлөх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Герберт Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зөрөлдөж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.
Чөлөөлөх арми, иргэдийн хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжнуудыг хаасан юм. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшсан. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид цэргүүдийн өөдөөс “молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.
Үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлжээ. Гэвч үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн юм.
Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.
Олон улсын реакци Африк, Азийн орнууд, Хойд Солонгос, Куба, Чехословак, Зүүн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ буцаажээ.
Хориотой сэдэв Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад “Google” цахим хуудсаар Тянь Миний бослогын талаарх мэдээлэл авах боломжгүй хэвээр.
Хохирогчдоос ганцхан гэр бүлд нөхөн төлбөр олгосон ба НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол юм.
Тяньаньмэний талбайд эсэргүүцэл илэрхийлж тэмцсэн хятадын оюутан болон бусад эсэргүүцэгч нарын БНХАУ-ын удирдлагад хүргүүлсэн шинэчлэл өөрчлөлтийг хүссэн шаардлагуудын нэг нь “Гадаад монгол буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг БНХАУ-д нэгтгэхийг шаардсан” шаардлага байсан байжээ.
Үймээний үед хятадын армийн танкийн цувааг нэр нь үл мэдэгдэх гар хоосон залуу 30 орчим минут саатуулан зогсоосныг “Tank man” гэж алдаршуулсан юм.