Та яагаад мод тарих хэрэгтэй вэ?
Мод тарих нь байгаль орчинд болоод хүний сэтгэл санаа, дурсамжид асар их эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ач холбогдол, ашиг тусыг нь дурдаад байвал дуусахгүй юм.
Америкийн экологич Арт Плотникийн “Хотын модны ном” номонд мод тарих найман шалтгааныг дурджээ.
Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулж, нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохиродолыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.
Хэрвээ та мод тарихаар шийдсэн бол хамгийн түрүүнд тарих газараа сонгох хэрэгтэй. Та өөрийн хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд, ой модонд гээд хаана ч мод тарьж болох ба таны тарих мод өндөр ургах эсвэл өргөн цар хүрээтэй ургахаар байгаа бол үндэсний тэлэлт мөчрийн урт зэргийг тооцоолон бусад зүйлс саад болохооргүй газрыг сонгоорой.
Модыг хэзээ тарьдаг вэ?
Мод тарих хугацаа нь хаврын улиралд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд байдаг.
Модыг хэрхэн тарих вэ?
- Модны тарих нүхыг ухах, бэлдэх
Модны нүхийг ухаж бэлтгэхдээ угаас ул хөрстэй байдгийг харгалзан нүхний хэмжээг 70см-90см голчтой, 50см-80см гүнтэй нүхийг ухаж бэлтгэнэ. Хуучин шороог болж өгвөл хэрэглэхгүй байх нь чухал.
Учир нь хуучин бохир, үржил шимгүй, бүтцээ алдсан шороо, хөрсний үүрэг гүйцэтгэж шинэ суулгацыг цааш ургаж төлжихөд хангалттай шим тэжээл өгч чаддаггүй байна.
Иймд мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.
2.Модыг суулгах
Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ.
Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө.
Тарьсан модны үндэс нугалараагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыгнүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй.
Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.
3.Модыг услах
Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм.
Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий. Модыг тарьсан өдөртөө 50-60 литр, сөөгийг 20-30 литрусаар заавал услах шаардлагатай.
Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.
Мод сөөгийг сонгож авахдаа дараах зүйлсийг анхаарна
-Суулгацын гадна талын өнгө байдал хэвийн холтос, үйс нь шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй, нахиа нь ургах хугацаанаасаа өмнө задраагүй
-Титмийн хэлбэр зөв бүтэцтэй баях, уян зөөлөн саглагар мөчир ихтэй
-Үндэс жигд ургасан салаалалт сайн байх
-Цэцэрлэгжүүлэлтийн ажилд суулгах шилмүүст, навчит мод болон сөөгний суулгац нь 10-15 жил
Сөөгний суулгац 3-5 жилээр тус тус бойжуулсан байх шаардлагатай
-Иш нь тэгш, бүдүүн бие дааж ургах чадвартай, эгц шулуун гэмтээгүй байх
-Суулгацыг тээвэрлэн авчирч хүлээлгэн өгөхөд мэргэжлийн хүмүүс маш сайн шалгаж авч акт тогтоох
-Шаардлага хангаагүй суулгацыг солих
-Мод сөөг суулгах нүхийг цэцэрлэгжүүлэлийн ажлыг эхлэхээс өмнө ухаж бэлтгэх
-Ухах нүхний хэмжээ нь тухай орчны хөрсний үржил шимээс хамаарна
-Үржил шим муутай хөрстэй бол нүхний хэмжээг аль болох том ухах
-Мод сөөгний нүхийг хэдийн том ухна үндэс төдий чинээ сайн тархаж ургалт сайн байдаг
-Мод сөөг суулгах талбайн хөрс үржил шим муутай бол тусгайлан хар шороо, бууц, тухайн ургамалд тохирох хөрсний бүтцийг агуулсан нэмэгдэл бүтээгдэхүүнийг бэлтгэнэ.
-Хар шороо, бууцны хэмжээ нь тарих модны төрөл болон тухайн газрын хөрсний үржил шимээс хамаарч харилцан адилгүй байна.
Ихэвчлэн шилмүүст мод суулгах нүхэнд ялзмагт хөрсийг их хэмжээгээр байхаар тооцон хөрс бэлтгэнэ. Харин нарс мод суулгахдаа элс, хайрга, шавранцар хөрсийг ялзмагт хөрсний хамт бэлтгэнэ.