Сэтгүүлч Б.Отгон цахимд “Иргэн Ч.Эрдэнэбат : “УОК-ийнхон хахууль авч Хятадуудыг олноор оруулж ирж Ковидын халдвар тараасан”
Замын –Үүд сумын иргэн Ч.Эрдэнэбат 2020.10.21-ны шөнө Монгол улсын хилээр олон автобус Хятадуудыг оруулж ирж буйг үйлдэл дээр нь лайвдаж үзүүлснийхээ төлөө Зөрчлийн болоод Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж байна Түүнтэй ярилцлага хийлээ
Сур: Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Ч.Эрдэнэбат: Би Дорноговь аймгийн Замын –Үүд суманд амьдардаг нийгмийн идэвхитэй жирийн л нэг иргэн
Сур: – Хил хаачихсан байхад Хятадуудыг манайхан яаж оруулж ирсэн бэ?
Ч.Эрдэнэбат:- УИХ-ын сонгуулийн дараа буюу 07 сарын нэгнээс эхлээд л маш нууцаар Хятад иргэдийг зөөж эхэлсэн. Замын-Үүдээс Улаанбаатар явах зам дагуух хөдөө айлуудын гадна 45 хүний суудалтай автобусууд хоёр гурваараа харагдах болсон. Тэдгээр автобусаар хүмүүсийн анхаарал сарнисан, хил хаалттай үе буюу шөнө орой, эсвэл өглөөгүүр урагшаа гарч Хятадуудыг нууцаар оруулж ирдэг байсан юм билээ . Өдөр бүр зөөсөөр сүүлдээ бүр ил зөөж эхэлсэн. Нэг явахдаа 4-5 автобус явдаг болсныг Замын-Үүдийн иргэд мэднэ.Наад захын жишээ л гэхэд Би 9 сарын 16-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатарын вагонд сууж хот орсон. Тэр вагонд олон хятад явсан. Вокзал дээр буухад Төмөр замын цагдаа тэр чигтээ хамгаалалт авчихсан байсан.Монгол зорчигчдыг бүгдийг буулгаж дуусангуут 45 хүний суудалтай автобусууд ирээд Хятадуудыг авч явж байсан. Энэ бол өдөр тутам давтагдаж байсан үйл явдал гэж тооцвол сүүлийн 4 сарын хугацаанд Монголд 4000-6000 хятад орж ирсэн байх магадлалтай . Төмөр замаас гадна автобусаар зөөж байсан. Нэг автобусны жолооч 16 дахь рейсээ хийж байна гэж ярихыг сонсч байсан. Бүр орон нутгийн дугаартай автобуснууд ч явж байсан.
Сур: -Тэр Хятадууд хаашаа явдаг байсан юм бол?
Ч.Эрдэнэбат: Монголд түр оршин суух визтэй болон өмнө нь аялалын визээр орж ирдэг байсан Хятадууд “хөдөлмөрийн виз” авч орж ирсэн. Тэр дотор арьс шир, самар, түүхий эд, махны ченж хийдэг хятадууд ч бий. Улаанбаатар, Сэлэнгэ …. гээд л цаашаа явна. Баянбуурал, 52-ийн давааны хажуу дахь амралтуудаар ч байрлаж байсан. Миний таньдаг хятадууд ч Монголд ороод ирсэн самар, арьс шир аваад явж байгаа сураг гарч байсан. Засгийн газрын тогтоолтой гэх хятадууд орж ирсэн энэ асуудлыг шалгуулья гэж АТГ-т хүсэлт өгсөн . Шалгаж байгаа гэсэн хариу өгсөн.
Сур: 7 сараас хойш гэхээр чинь бүтэн 3 сар. Ийм хугацаанд хятадууд олноор оруулж ирж буйг яагаад бид мэддэггүй билээ?
Ч.Эрдэнэбат: Мэдээллийг маш их нууцалж байсан. Хил дээр ажиллаж байгаа Мэргэжлийн хяналт, цагдаа, хилийн цэрэг, гаалийнханыг мэдээлэл гаргасан хүнд хариуцлага тооцно гэж сүрдүүлж байснаас болоод энэ мэдээлэл гараагүй.
Сур:- Та Хятадуудыг хилээр оруулж ирэх үеийн бичлэгийг яг газар дээрээс нь лайвдсан тэр өдөр юу болсон бэ?
Ч.Эрдэнэбат: Корона Монголд илрэхээс яг 20 хоногийн өмнө. 10 сарын 21-ний оройны 21 цагийн үед би Замын-Үүдийн хүнд даацын зам дээр буюу хилийн хаалтны орчим явж байгаад таарсан. Хил хаачихсан, харанхуй болчихсон үе шүү дээ. Хилийн хаалганаас олон автобус гараад цагдаагийн хамгаалалттай, маш хурдтай давхисан. Би араас нь хөөсөөр Замын-Үүдийн мөнгө хураадаг пост дээр ирээд хойд талын 2 автобусны урдуур орж амжсан. Тэгээд тэр 2 автобус дээр очиход дан хятадууд байсан. Тэндээс лайв хийсэн. Пост дээр байсан цагдаагаас юун хүмүүс болохыг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Цуваа авч явж байсан цагдаа эргэж ирэхэд нь асуухад: “-Засгийн газрын тогтоолтой. Бүтээн байгуулалтад орж ирсэн Хятадууд “ гэсэн тайлбарыг өгсөн. Тэгээд ч 11 сар гарч байхад ямар бүтээн байгуулалт байх вэ дээ. Хэд хоногийн дараа намайг Цагдаагийн хэлтэс дээр дуудаж, цагдаагийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн хуулиар торгох шийдьэр гарсан. Би мэдэх эрхээ л эдэлсэн.Тэгээд ч хилийн бүсэд амьдарч байгаа иргэн хүн сонор сэрэмжтэй байж , зөрчил гарвал дор нь мэдээлж байх үүрэг хүлээсэн байдаг. Тэр үүргээ л биелүүлж, ямар хүмүүс хилээр оруулж ирснийг нь асуух эрхтэй биз дээ. Дараа нь надад “Худал мэдээлэл тараасан ” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний газар дээрээс нь хийсэн лайвыг цаанаас нь устгуулсан. Гэхдээ АТГ, Цагдаа болон надад бичлэг нь байгаа л даа.
Сур: -Та худал мэдээлэл биш гэдгийг нь яаж батлах вэ?
Ч.Эрдэнэбат:- Хилээр хятадуудыг оруулж ирж байх үеийг нь газар дээрээс нь лайвдсан нь өөрөө нотлох баримт. Тэр дотор бүх үйл явдал цаг минуттайгаа тодорхой байгаа. Тэгээд ч надаас гадна өөр хүмүүсийн хятадуудыг оруулж байгааг илчилсэн зураг баримтууд сошиалаар явж байгаа.
Сур: -Таны лайв хийсэн тэр өдөр орж ирсэн Хятадуудын дотор халуурч байсан хүн бий гэж дуулдсан уу?
Ч.Эрдэнэбат: -Тийм. Хамгийн ноцтой нь энэ. 10 сарын 21-д миний лайв хийсэн автобусны цувааны нэг автобусанд халуунтай хүмүүс явж байсан, тэр автобусыг буцаасан гэдгийг Улсын онцгой комисс 10 сарын 22-ны мэдээлэлдээ дурьдсан. Мөн цагдаад байгаа миний хэргийн материал дотор “тэр өдөр орж ирсэн цуваанаас халуунтай иргэд байсан автобусыг буцаасан гэсэн баримт байсан. Халуурч байсан хятад иргэнийг зөөвөрлөсөн жолооч, автобус яасан талаар мэдээлэл байхгүй, ямар ч байсан Монгол дугаартай автобус Монгол жолоочтой учраас буцаж орж ирсэн байх учиртай.
Сур: Та Коронагийн халдвар Монголд тархсны шалтгааныг хятадуудтай холбоотой гэж үзэж байна уу?
Ч.Эрдэнэбат: – Би улсын онцгой комиссынхон авлигал авч Хятадуудыг олноор оруулж ирснээр халдвар тарах нөхцлийг бүрдүүлсэн гэж хардаж байгаа. Миний лайв хийсэн өдөр буюу 10 сарын 21- нээс хойш нэг их удалгүй Корона Монголд илэрсэн. Сэлэнгээс гарсан нь ч учиртай. 9,10-р сард Хятад ченжүүд Сэлэнгээр дүүрэн хөлхөж, самар авч байсаныг Сэлэнгэчүүд болон самарт явсан хүмүүс мэдэж байгаа байх.
Сур:- Хил хаачихсан энэ үед Хятадууд яаж Монголын хилээр орж ирэх вэ?
Ч.Эрдэнэбат: -Манай улсын онцгой комисс, элчин консулын газар хуйвалдсан маш том сүлжээ энд ажилласан байх магадлалтай. Тэд авлигал авч зохион байгуулалттайгаар энэ олон хятадуудыг оруулж ирсэн. 7 сарын нэгнээс хойш орж ирсэн Хятадууд бүгд Хөдөлмөрийн визээр орж ирсэн. Бүтээн байгуулалтанд оролцох инженер техникийн ажилчид гэж байгаа боловч мөнгө төлсөн хятадууд энэ нэрэн дор орж ирсэн байх. Энэ визийг авахын тулд бүр ханш тогтчихсон байсан.Тэгэхээр энэ иргэдийг үнэхээр инженер техникийн ажилчид мөн эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах л хэрэгтэй.
Сур: -Хахууль нь хэдэн төгрөг байсан гэж ?
Ч.Эрдэнэбат: 7 сард нэг хятад иргэнийг оруулж ирэх ханш 6 саяас эхэлсэн.8-р сард 8 сая төгрөг,9-р сард 10 сая төгрөг, 10 сарын сүүлээр 15 сая төгрөг болсон байсан. Намайг лайв хийсний маргааш өдрөөс 30 сая төгрөг болсон дуулдсан. Лайв хийж нийтэд хүргэсний маргаашнаас Хятадуудыг оруулж ирэх ажиллагаа бүр эрчимжсэн. Үлдсэн мөнгөө төлсөн хүмүүсээ яаралтай оруулж ирсэн байх магадлалтай. Өнөөдрийг хүртэл Замын-Үүд суманд 11 сарын 5-ны өдөр орж ирсэн 43 хятад иргэн тусгаарлалтанд байгаа.Эдгээр хятадуудыг орж ирэх байрлах явцыг миний бие мөн газар дээрээс нь лайваар мэдээлсэн. УОК-ийн дарга Я.Содбаатар ” хятадуудыг энэ жилдээ дахин оруулахгүй” гэж мэдэгдсний дараа Өмнөговийн Гашуунсухайтаар хүртэл оруулж ирж байна гэдгийн тэр хавийн жолооч нараас зургаар баримтжуулсан мэдээлэл сошиал дээр явж байсан. Нүүсний том тэрэгний цувааны хажуугаар автобус явж байгаа зураг ч сошиал дээр гарсан даа.
Сур:- Та яагаад хятадуудыг Монголд орж ирэхийг эсэргүүцэх болов?
Ч.Эрдэнэбат: Хөл хорионоос болж ямар олон Монголчууд гаднаас эх орондоо ирж чадахгүй байгаа билээ. Манай гэр бүл ч гаднаас ирж чадахгүй, онгоцны билетээ хойшлуулсаар 10 сар болж байна. Монголчууд нь эх орондоо ирж чадахгүй байхад Хятадуудыг оруулж шударга бус байдал үүсгэж байгаа бодлогыг би эсэргүүцсээр байх болно. Нэмж хэлэхэд УОК, ЭМЯ хятадуудтай холбоотой яг хэчнээн тоогоор ямар хугацаагаар ирсэн, хаана байрлуулсан, одоо хаана байгаа зэрэг ямар ч мэдээлэл өгдөггүй, мөн энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултанд хариулахгүй яаж булзааруулж бултаж байгааг иргэд бүгд харж, сонсож байна. Мөн лайв хийж баримтжуулсан жирийн иргэдэд зөрчил болон эрүүгийн хэрэг үүсгэж баримтыг нь устгуулж, хүчлэн түрэмгийлсэн бодлого явуулж байгаа нь ард нь байгаа эрх баригчид өөрсдийнхөө булхайг илрүүлэхгүй гэсэн увайгүй бодлого гэж үзэж байна.
Ярилцсан Сэтгүүлч Б.Отгон 2020.12.05